Домогт реппер Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэлж, прокурорууд гол сэжигтэн Д.Дэвисийг аллагыг зохион байгуулсан хүн хэмээн буруутгажээ.
Өдгөө 63 настай Дэвисийг 1996 онд Лас Вегаст болсон Тупакийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч гэж үзэж байгаа ч тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байна. Прокуроруудын үзэж буйгаар Дэвис буудлагыг өөрөө үйлдээгүй ч тухайн үед Тупактай зодолдсон өөрийн ач хүү Орландо Андерсоны өшөөг авахаар халдлагыг төлөвлөжээ.
Шүүх хурлын үеэр прокурор Бину Палал “Д.Дэвис гохыг нь татаагүй. Гэхдээ тэр буудлагыг зохион байгуулсан” хэмээн мэдэгдсэн байна. Мөн хэрэг гарсан үед Лас Вегасын цагдаагийн газарт ажиллаж байсан офицер Гарри Дэйл гэрчээр оролцож, буудлагын дараа Тупактай хамт түргэн тусламжийн машинд явсан тухайгаа ярьжээ.
Түүний хэлснээр, Тупак өөрийг нь хэн буудсан талаар ямар ч мэдээлэл өгөхөөс татгалзаж, “Бид үүнийг өөрсдөө зохицуулна” гэж хэлсэн байна.
Энэхүү хэрэг нь 1990-ээд оны үед АНУ-ын хип хоп ертөнцийг хоёр хуваасан Зүүн эрэг, Баруун эргийн репперүүдийн өрсөлдөөн, мөн Бладс, Крипс бүлэглэлүүдийн зөрчилтэй шууд холбоотой гэж үздэг. АНУ-ын прокуроруудын тайлбарласнаар, тухайн үеийн бүлэглэлийн соёлд “чимээгүй байх нь амьд үлдэхийн баталгаа” байсан учраас мөрдөн байцаалт олон жилийн турш гацжээ.
Харин Дэвисийн өмгөөлөгчид прокуроруудын гаргаж буй нотлох баримтыг “уран зохиол” хэмээн нэрлэж, 30 жилийн өмнөх хэргийг батлах хангалттай баримт байхгүй гэж мэдэгдсэн байна. Тупак Шакур 1996 оны есдүгээр сарын 7-нд Майк Тайсоны боксын тоглолтын дараа Лас Вегаст буудуулж, зургаан хоногийн дараа 25 насандаа нас барсан юм. Шүүх хурал ойрын хэдэн долоо хоног үргэлжлэх бөгөөд гэрчүүд, мөрдөн байцаагчид болон хэд хэдэн алдартан мэдүүлэг өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC