Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан Сити хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 18-29-ний өдрүүдэд үргэлжилж байна.

Тус тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин хүч сорин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрүүдэд залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Баяржаргал амжилттай өрсөлдөж, суултын төрөлд 180 кг, шахалтын төрөлд 110 кг, таталтын төрөлд 215 кг өргөн тус бүр алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр гурван төрөлд түрүүлж, нийлбэр дүнгээр мөн алтан медаль хүртсэнээр пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болж, түүхэн амжилт үзүүлэв. Мөн залуучуудын эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Б.Ууганбат таталтын төрөлд мөнгөн медаль хүртсэн бол залуучуудын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Н.Наранзул суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртжээ. Монголын баг тамирчид тэмцээний үлдсэн өдрүүдэд бусад жинд өрсөлдөж, медалийн буухиаг үргэлжлүүлэхээр байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө