Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцуудын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.
Тодруулбал, өчигдөр /2026.08.18/ лабораториос ирүүлсэн мэдэгдлийн дагуу Даваадоржийн Төгсбаатарын сорьцод хийсэн GC/C/IRMS (Gas Chromatography/Combustion/Isotope Ratio Mass Spectrometry) нарийвчилсан шинжилгээгээр тестостерон нь биед гаднаас орсон буюу экзоген гаралтай болох нь тогтоогдож, сөрөг аналитик илэрц мэдээлэгдсэн байна.
Экзоген гаралтай тестостерон нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах тусгайлан заагаагүй бодис юм. Үүнтэй холбогдуулан Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу тамирчныг 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлжээ. Тамирчин Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, түр түдгэлзүүлэлттэй холбоотой сонсгол хүсэх, мөн хэргийг анхан шатны сонсголоор хянан шийдвэрлүүлэх эрхтэй юм байна.