Улсын баяр наадмаар дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл 2023 оноос эхэлж аймгийн наадамд шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Харин энэ жил Төв аймгийн наадамд өмнө нь болж байгаагүй зүйл тохиолдсон байдаг. Тодруулбал, Төв аймгийн наадамд шөвгийн дөрвөн бөхөд шалгарсан бөхчүүдийн гурваас нь хориотой бодис илрээд буй.
-ТӨВ АЙМГИЙН НААДМААР ШИНЭ ЦОЛЫН БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮДДЭЭ ЗАСАГ ДАРГА НЬ ЦОЛ ОЛГОХ ТУШААЛ ГАРГААГҮЙ БАЙСАН-
Энэ жилийн Төв аймгийн наадам долдугаар сарын 8-нд болсон. Тухайн барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын аймгийн заан М.Тэгшбаяр түрүүлж аймгийн арслан цолын болзол, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат сумын заан М.Өсөхбаяр үзүүрлэж аймгийн заан цолын болзол, Төв аймгийн Жаргалант сумын харьяат сумын заан М.Даваадэмбэрэл шөвгийн дөрөвт шалгаран аймгийн начин цолын болзол хангасан байдаг ч шинжилгээгээр допинг хэрэглэсэн болохыг тогтоосон.
Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр аймгийн наадам болсон тус өдөр хэнд нь ч цол олгоогүй бөгөөд допингийн шинжилгээний дараа цол олгох эсэхээ шийдэхээр болсон аж.
Ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй бөгөөд наадам болсон өдөр цолоо олгоогүй нь зөв шийдвэр болсон. Допинг илрээд байгаа дээрх гурван бөх одоогийн байдлаар зөвхөн "А" сорьцоо шинжлүүлсэн байна. "А" сорьцын хариу ирсэн даруйд холбогдох байгууллагуудаас хариуг танилцуулж "Б" сорьцоо явуулах эсэх талаар асуудаг. Хэрэв тухайн бөх өөрөө "А" сорьцын хариуг нягтлуулах шаардлагатай гэж үзвэл "Б" сорьцоо дахин шинжлүүлэх бүрэн эрхтэй. Гэвч одоогоор тус гурван бөхийн хэн нь ч "Б" сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй байгаа бөгөөд Спортын арбитрын шүүхэд хандсан байгаа аж.

-ШӨВГИЙН ДӨРВӨН БӨХӨӨС ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГАНЦ БӨХ НЬ БОЛОХ Б.БАТ-ЭРДЭНЭД АЙМГИЙН АРСЛАН ЭСВЭЛ АЙМГИЙН ЗААН ЦОЛЫГ ОЛГОНО-
Шүүхийн маргаантай байгаа учраас Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр шөвгийн дөрвөн бөхөөс допинг хэрэглээгүй ганц бөх болох Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Бат-Эрдэнэд шинжилгээний хариу гарсны дараа аймгийн начин цолыг нь түр олгоод байна.
"А" сорьцоор допингийн шинжилгээндээ бүдэрсэн гурван бөхийн шүүхийн маргаан эцэслэгдэхээр Б.Бат-Эрдэнэд аймгийн арслан цол олгох талаар яригдаж эхлээд байна.
Гэхдээ тус асуудлыг зөвхөн Аймгийн засаг дарга шийдэхгүй бөгөөд Бөхийн салбар хорооны гишүүдтэй зөвлөлдсөний дараа аймгийн заан эсвэл аймгийн арслан цолын аль нэгийг олгох ёстой.
Дашрамд дурдахад, Төв аймгийн наадамд допинг илрээд буй М.Тэгшбаяр, М.Өсөхбаяр нараас нэг төрлийн бодис илэрсэн. Тодруулбал, "Метандиеноны метаболит" гэх амаар уудаг бодис илрээд байгаа юм. Харин М.Даваадэмбэрэлээс "Дегидрохлорметилтестостероны метаболит" гэх бодисыг илэрсэн бөгөөд мөн адил амаар уудаг аж.