Д.Трампын 75 орны цагаачлалын визний хоригийг АНУ-ын холбооны шүүгч хүчингүй болгожээ

Д.Трампын 75 орны цагаачлалын визний хоригийг АНУ-ын холбооны шүүгч хүчингүй болгожээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас 75 орны иргэдэд цагаачлалын виз олгохыг хориглосон шийдвэрийг АНУ-ын холбооны шүүгч баасан гараг /2026.08.21/-т хүчингүй болгожээ. Уг бодлогыг “хууль зөрчсөн” бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнээс хэтэрсэн гэж үзсэн байна.

Тодруулбал, АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийн улс орнуудын бараг 40 хувийн иргэдэд цагаачлалын виз олгох үйл ажиллагааг түр зогсоосон юм. Тус байгууллага энэ шийдвэрээ АНУ-д ирснийхээ дараа нийгмийн халамж, төрийн тэтгэмжээс хамааралтай болох хүмүүсийг нэвтрүүлэхээс сэргийлэх зорилготой гэж тайлбарлаж байв.

Тэгвэл Манхэттэн дэх Холбооны дүүргийн шүүхийн шүүгч Жанетт Варгас Төрийн департаментын энэхүү бодлогын хууль зүйн үндэслэлийг няцааж, зөвхөн тухайн бодлогод үндэслэн виз олгохоос татгалзсан шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Энэ нь Д.Трампын засаг захиргааны цагаачлалын бодлогод учирсан бас нэгэн хууль зүйн ухралт болж байгаа ажээ. 

Хуулийн дагуу цагаачийг төрийн тусламж, дэмжлэгээс хамааралтай буюу “нийтийн төлбөр” болох эрсдэлтэй гэж үзэх эсэхийг консулын ажилтан тухайн хүний санхүүгийн байдал, нас, эрүүл мэнд, ур чадвар болон гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан хувь хүн бүрээр нь үнэлэх ёстой аж.

Гэвч шүүгч Варгасын үзсэнээр бодит байдал дээр АНУ-ын албан тушаалтнуудад өргөдөл гаргагчийн хувийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр, тэр байтугай өөрийгөө санхүүгийн хувьд бүрэн хангах боломжтой хүмүүсийн визийг хүртэл зөвхөн ирсэн улсаас нь хамааран татгалзах чиглэл өгсөн байжээ. Визийн хориг нь АНУ дахь гэр бүлийн гишүүдтэйгээ нэгдэх эсвэл тус улсад ажиллахаар зорьж буй хүмүүст олгодог байнгын оршин суух визэнд хамаарч байсан бол жуулчны болон оюутны зэрэг цагаачлалын бус визэнд үйлчлэхгүй байв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн бүх дипломат төлөөлөгчийн газар болон консулын байгууллагуудад илгээсэн, шүүхийн хэргийн материалд бүртгэгдсэн цахилгаан мэдээнд өргөдөл гаргагч “нийтийн төлбөрт хамаарахгүй гэдгээ нотлох нэмэлт баримт гаргаж өгсөн байсан ч” визээс татгалзах чиглэл өгсөн гэжээ. Шүүгч Варгас энэ талаар, “Үр дүн нь урьдчилан тодорхойлогдсон байсан. Визээс татгалзах нь тодорхой байсан” хэмээн дүгнэжээ.

Түүний үзсэнээр уг бодлого нь виз олгохдоо үндэс угсаа, иргэншлээр ялгаварлан гадуурхахыг хориглосон 1965 оны хуулийг зөрчсөнөөс гадна консулын ажилтнуудын тухайн өргөдөл гаргагчийн хэргийг хувь хүн бүрээр нь шийдвэрлэх бүрэн эрхэд Төрийн нарийн бичгийн дарга хэтэрхий өргөн хүрээнд нөлөөлсөн байна.

Харин бусад хууль зүйн үндэслэлээр визээс татгалзсан шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр үлджээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний визээс зөвхөн энэ бодлогод үндэслэн татгалзсан эсэх, эсвэл өөр үндэслэл давхар байсан эсэхийг хэрэг тус бүрээр нь тогтоох шаардлагатай болж байна.

Хоригт багтсан 75 улсын ихэнх нь Европоос бусад бүс нутгийн орнууд бөгөөд Карибын тэнгис, Сахарын цөлөөс өмнөх Африк, Балкан, Ойрхи Дорнод, Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн орнууд багтжээ. Үүнд АНУ-ын түнш орнууд болох Йордан, Египет, Гүрж зэрэг улс ч орсон байна.

Төрийн департамент уг жагсаалтыг Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн мэдээлэлд үндэслэн гаргасан бөгөөд цагаач өрхийн 30 гаруй хувь нь ямар нэгэн хэлбэрээр төрийн тусламж авдаг улс орнуудыг голчлон хамруулжээ. Нэхэмжлэгчдийн дунд гэр бүлийн гишүүдээ АНУ-д авчрах хүсэлт гаргасан зургаан АНУ-ын иргэн байсан бөгөөд тэд уг хоригийн улмаас Гана, Ямайка, Гватемал болон Этиоп дахь хамаатан садныхаа визийг авах боломжгүй болсон гэж мэдэгдсэн байна.

Мөн ажлын визээр өргөдөл гаргасан Колумбын таван иргэн уг хэрэгт нэгдсэн бөгөөд тэдний нэг нь энэхүү бодлогод үндэслэсэн виз татгалзсан хариу авчээ.

Харин шүүх засаг захиргааны талын нэг үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, шүүгч Варгас энэхүү бодлого нь хэрэгжихээсээ өмнө олон нийтийн санал авах шаардлагатай албан ёсны журам, дүрэм биш гэж үзжээ.

Д.Трампын засаг захиргааны хуульчид 2018 онд АНУ-ын Дээд шүүхээс Трампын анхны бүрэн эрхийн үеийн аяллын хоригийн гурав дахь хувилбарыг хүчинтэй гэж үзсэн шийдвэрийг үндэслэл болгон ашигласан байна. Тухайн үед хэд хэдэн орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон бөгөөд тэдний дийлэнх нь мусульман шашинтнуудын олонхтой улс байжээ.

Гэвч шүүгч Варгас энэ хоёр асуудал өөр гэдгийг онцолжээ. 2018 оны хэрэг нь ерөнхийлөгчийн хэнийг АНУ-д нэвтрүүлэх эсэхийг шийдэх өргөн хүрээний эрх мэдэлтэй холбоотой байсан бол энэ удаагийн маргаан нь цагаачлалын визийг хэрхэн, ямар үндэслэлээр олгох ёстой вэ гэсэн өөр асуудлыг хөндөж байна гэж дүгнэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены томилсон шүүгч Жанетт Варгас хэргийн үлдсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, байр сууриа ирүүлэх хугацааг талуудад есдүгээр сарын 11 хүртэл өгчээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө