COP17-ын өндөр дээд хэмжээний уулзалтад 106 орны сайд ирнэ

COP17-ын өндөр дээд хэмжээний уулзалтад 106 орны сайд ирнэ

COP17 бага хурлын улс төрийн өндөр дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2026.08.24/ эхэлнэ. Одоогоор дээд хэмжээний уулзалтад 106 орны сайд нар оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд зочид, төлөөлөгчид өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсад иржээ.

Түүнчлэн наймдугаар сарын 25, 26-нд COP17-ын гол хурлууд үргэлжилж, улс орнууд, олон улсын байгууллага, томоохон компаниуд цөлжилт, газрын доройтлын эсрэг хийх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн амлалтаа зарлана. Тухайлбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Мөн ирэх жилүүдэд ямар төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээ энэ үеэр тодорхой болгох юм. Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээнэ. Монгол Улсын хувьд энэ удаагийн COP17 хурлыг ашиглан “Тал хээрийн төлөвлөгөө”, “Нарлаг Монголын малчин” зэрэг санаачилга, хөтөлбөрөө олон улсад танилцуулж, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаатай холбоотой асуудалд олон улсын анхаарал хандуулахын зэрэгцээ шаардлагатай санхүүжилт татах зорилт тавьж байна. Монгол Улс олон улсын түвшинд манлайлж ирсэн газар, хөрс сэргээх, бэлчээрийн асуудлаар 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд Улаанбаатарт чуулж байгаа билээ. Тодруулбал, хөрс, бэлчээр, ган гачгийн чиглэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр таван тивийн 23 улсад хэрэгжих 60 гаруй төсөлд нийт 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсон талаар Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад өнгөрсөн Баасан гаригт мэдэгдсэн юм.