Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж байна. Хурлын үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл өнгөрсөн пүрэв гарагт танилцуулсан “Үндэсний хөдөлгөөн”-өө намын гишүүдэд танилцуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ардчилсан нам өнөөдөр улс орон даяар өөрчлөлт, шинэчлэлтэд уриалсан үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ үндэсний хөдөлгөөн нь ‘Монголоо өөрчилье, Монголдоо бүтээе’ гэсэн агуулгын хүрээнд цаашид үргэлжилнэ. Хөдөлгөөн гурван сар үргэлжилнэ гэж тооцож байна. Энэ бол намын дотоод зохион байгуулалтын аян биш. Намууд үндэстнээрээ хөдлөх ёстой цаг үед ирсэн гэж үзэж байна. Бид том өөрчлөлтийн өмнө ирээд байна. Том өөрчлөлт хийхгүй бол дэлхий нийттэй хөл нийлүүлэх боломж алга. Мөрөөдөлгүй ард түмэн өнөөдөр бий болчихоод байна. Монгол Улсын экспортын 96 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Гадаадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь эцсийн бүтээгдэхүүн байна. Бид бүтээдэггүй ард түмэн болчихлоо. Иймд улс орноо өөрчлөлтөд уриалж, бүтээдэг Монгол Улс болохыг уриалж байгаа юм. Энэ бол зөвхөн уриа, лоозон биш. Өөрчлөлтийн том давлагаа, үзэл санаа, үйл хэрэг юм. Гурван сарын хугацаанд нэг сая иргэнтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: