Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр өнөөдөр /2026.08.24/ СОР17 хурлын Өндөр, дээд түвшний арга хэмжээний нээлтэд оролцож үг хэллээ. Уг арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин "Газар бол бидний амьдралын үндэс билээ. Газар доройтоход хүнс, амжиргаа ганхаж, цаашлаад хүний нэр төрл, энх тайванд заналхийлдэг. Газрын хямрал бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн хямрал юм. Уур амьсгалын хямрал улам хурдацтай даамжирч буй энэ үед хүн төрөлхтөн газрын хямрал, цөлжилттэй нүүр тулж байна. Дэлхийн нийт газрын 40 хувь нь аль хэдийнэ ноцтой хэмжээгээр доройтсон бөгөөд газрын доройтол бидний хяналтаас давж байна. Үүний улмаас хүн төрөлхтний бараг тал хувь нь ноцтой хохирч, оршин тогтнохуйн эрсдэлтэй нүүр тулж байна. Байгаль дэлхий хил хязгаарыг мэдэрдэггүй. Уур амьсгалын доройтол, газрын хямрал ч мөн хил хязгаарыг үл хүндэтгэх билээ. Газраа нөхөн сэргээх нь амьдралыг дэмжих хүнс, усан хангамж, орон нутгийн хамтын нийгэмлэгүүдийн түшиг тулгуур болсон газар нутгийг сэргээх тухай юм. Ирээдүй хойч үедээ илүү сайхан маргаашийг мөрөөдөх боломж олгох, итгэл найдварыг дахин бадраах, мөрөөдөх боломжийг олгох юм. БНСУ ч дайны сүүдэр дунд уулс нь нүцгэрч, газар нутаг сүйрэн хоосорсон цөхрөлийг биеэр туулсан. Гэвч Солонгос улс бууж өгөөгүй ээ. Засгийн газрын тууштэй хүсэл зориг, ард түмний маань чин сэтгэл, идэвхтэй оролцооны үр дүнд бид ногоон ойгоо дахин сэргээж чадсан. Солонгосын туршлага бидэнд итгэл найдвар өгсөн. Байгаль дэлхийн шарх хэчнээн гүн байсан ч бид бууж өгөхгүй, хүчин чармайлтаа нэгтгэвэл байгаль дэлхийг дахин амьдруулж чадна. Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд уур амьсгалын хямралыг даван туулах, газрын экосистемийг нөхөн сэргээх ажлыг төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг болгон ажилласан. Бид 2050 онд нүүрс төрөгчийн ялгарлыг тэглэх зорилт тавьж, Нүүрс төрөгчийн саармагжилтын тухай хууль баталсан. Цаашлаад 2019 онд COP14 хурлын үеэр би Энхтайвны ойн санаачилга дэвшүүлж, албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Уг санаачилгын гол агуулга нь хил орчмын маргаан, зөрчилдөөнтэй тулгарч буй улс орнуудын хил орчмын ой, газрын эко системийг хамтран нөхөн сэргээхийн зэрэгцээ энхтайвныг цогцлоох явдал байв. Өнөөдөр энэхүү санаачилга НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын дэлхийн хэмжээний тэргүүлэх хөтөлбөрүүдийн нэг болон идэвхтэй хэрэгжиж байна. Солонгос Монголын хамтын ажиллагаа, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ, онцгой үлгэр жишээний нэг билээ. 2007 оноос Солонгос-Монголын "Ногоон хэрэм" төслийн хүрээнд манай хоёр улс цөлжилтөөс сэргийлэх, ойг нөхөн сэргээх, боловсон хүчин бэлтгэхийн төлөө хамтран ажиллаж ирсэн. 20 жилийн хугацаанд хоёр орны тарьж ургуулсан зүйл зөвхөн мод биш, ард иргэдийн бат бөх нөхөрлөл, ойлголцол, илүү ногоон ирээдүйн төлөөх итгэл найдварын үзэл санаа юм. Манай хоёр орны хил дамнан үлээх элсэн шуурга, шар шороо ч мод тарьж газар нутгаа дахин амьдрруулах гэсэн хоёр орны хамтын ажиллагаа юм” хэмээжээ.