Японы Токио болон Канто бүсэд  5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 37 хүн бэртжээ

Японы Токио болон Канто бүсэд 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 37 хүн бэртжээ

Японы Токио болон Канто бүсэд ням гарагт 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, дор хаяж 37 хүн бэртсэн байна. Эрх баригчид ойрын нэг долоо хоногийн хугацаанд үүнтэй ижил хэмжээний хүчтэй газар хөдлөлт дахин болох магадлалтай тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Газар хөдлөлтийн голомт Ибараки мужийн өмнөд хэсэгт, газрын 68 километрийн гүнд байсан аж. Японы долоон шатлалт shindo буюу газар хөдлөлтийн эрчим хэмжих системээр Токиогийн Адачи дүүрэг, мөн Ибараки, Сайтама, Чиба мужийн зарим хэсэгт доод 5-р түвшний чичирхийлэл бүртгэгджээ. Харин Токиогийн бусад хэсэг, Точиги, Гунма болон Канагава мужид 4-р түвшний чичирхийлэл мэдрэгдсэн байна. Японы Цаг уурын агентлагийн тайлбарласнаар, shindo шатлалын доод 5-р түвшний газар хөдлөлтийн үед тавиур дээрх эд зүйлс унаж, хүмүүс биеэ тогтвортой байлгахын тулд ямар нэгэн зүйлээс зуурах шаардлагатай болдог. Зарим газарт чичирхийлэл нэг минут хүртэл үргэлжилжээ. Өглөөний 02:00 цагийн орчимд гар утсанд газар хөдлөлтийн яаралтай сэрэмжлүүлэг ирсний дараахан газар хүчтэй хөдөлж, олон хүн нойрноосоо цочин сэрсэн байна. Японы Гал түймэр, гамшгийн удирдлагын агентлагийн мэдээлснээр Сайтама, Чиба, Канагава болон Ибараки мужид нийт 22 хүн хөнгөн бэртжээ. Харин Токио хотод 15 хүн бэртсэн бол Канагава мужид нэг хүн хүнд бэртэл авсан байна. Мөн Ибараки мужийн Үшику хотын захиргааны байрны таазны нэг хэсэг нурсан тухай NHK мэдээлжээ. Токиод зарим хүн лифтэнд гацсан гэх мэдээлэл ч гарсан байна.

JR East компанийн мэдээлснээр ням гарагийн өглөө Канто бүсийн хэд хэдэн төмөр замын шугамын хөдөлгөөн саатсан байна. Үүнд Жобан, Кэйхин-Тохоку, Шонан-Шинжүкү, Мусашино, Чуо-Собү болон бусад чиглэл багтаж байна. Мөн Токиогийн 23 дүүрэг, Сайтама, Чиба мужид урт хугацааны газрын хөдөлгөөний 2-р түвшин ажиглагджээ.

Газар хөдлөлт болсноос хойш нэг цагийн дотор Ерөнхий сайд Санаэ Такаичи X платформд нийтлэл оруулж, учирсан хохирол, эвдрэлийн хэмжээг тогтоох ажил үргэлжилж байгааг мэдэгдэв. Мөн Ерөнхий сайдын Тамгын газрын Хямралын удирдлагын төвд холбогдох шуурхай штаб байгуулж, албаныханд иргэдэд цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл хүргүүлэх үүрэг өгсөн байна. Тэрбээр “Хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн бүс нутгийн иргэдэд үүнтэй ижил хэмжээний өөр нэг газар хөдлөлт болох магадлалаас үргэлжлүүлэн сэрэмжтэй байхыг хүсэж байна” гэжээ.