Хайти улсад  дээрэмчид 47 хүний амийг хөнөөж, 50 хүнийг барьцаалжээ

Хайти улсад дээрэмчид 47 хүний амийг хөнөөж, 50 хүнийг барьцаалжээ

Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг Хайти улсын нийслэлийн ойролцоох сууринд өнгөрсөн амралтын өдөр зэвсэгт дээрэмчдийн бүлэг 47 хүний амийг хөнөөж, 50 гаруй хүнийг барьцаалжээ.

Нийслэл Порт-О-Пренс хотын ойролцоох Кенскофф суурин нь харьцангуй тайван газарт тооцогддог байсан юм. Зэвсэгт бүлгийн толгойлогч уг сууринд засгийн газрын хүч халдвал барьцааны хүмүүсийг алахаа анхааруулсан байна. Ням гарагт болсон уг халдлага Карибын тэнгисийн Хайти улсын нөхцөл байдал сайжирч байгаа гэсэн итгэлийг алдагдуулсан явдал болжээ.

Иргэдийг барьцаалсан бүлгийн толгойлогч сошиал сүлжээнд Хайтийн үндэсний цагдаагийн газрын дарга Владимир Парайсонд хандсан видео мэдэгдлийг нийтэлсэн байна. Тэрбээр өөрсдийнх нь эсрэг дрон ашиглахгүй байхыг анхааруулаад “Парайсон, хэрвээ манай хүмүүсийн хэн нэг нь шархадвал би энд байгаа хүмүүсийг бүгдийг алах болно” гэж мэдэгджээ.

Тэр өөрийгөө Хайтийн хамгийн хүчирхэг зэвсэгт дээрэмчдийн нэг Жонсон Андрегийн ойрын холбоотон гэж танилцуулсан байна. Зэвсэгт бүлэглэлүүд одоо нийслэл Порт-О-Пренс хотын 70 орчим хувийг хянаж, Хайтийн төв бүсийн ихэнх хэсгийг эзэлсний улмаас 1.5 сая хүн орон гэрээсээ дүрвээд байгаа аж.