Ц.Идэрбат: Намрын тариалалтад шаардлагатай 2.5 мянган тонн түлшийг нөөцөлнө

Ц.Идэрбат: Намрын тариалалтад шаардлагатай 2.5 мянган тонн түлшийг нөөцөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар манай салбартай холбоотой чухал гурван шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, 2026 оны ургацын урьдчилсан балансыг танилцуулсан. Улсын хэмжээнд энэ хавар 370 мянга орчим га талбайд тариалалт хийсэн. Үүний 318 мянган га талбайд улаанбуудай, 13 мянга орчим га талбайд төмс, 14 орчим га талбайд хүнсний ногоо, 90 мянга орчим га талбайд ногоон тэжээл тариалсан байна. Хаврын тариалалтын үеэс эхэлж Засгийн газраас энэ салбарт онцгойлон анхаарч ажиллаж эхэлсэн. Энэ хаврын газар тариалалтын үеэр зээл, татаас өгч, 8 мянган тонн түлш шатахууныг хөнгөлөлттэй үнээр энэ салбарынханд олгосон. 140 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байсан билээ. Улмаар ирэх онд манай улс төмс, улаанбуудайгаа 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл байдал ажиглагдаж байна. Харин хүнсний ногоогоо 70 орчим хувийг дотоодоос хангана. Одоогоос 14 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Ургацын комисс байгуулах шийдвэр гарсан. Тус комиссыг ирэх сар гарахаар хуралдуулж, ургац хураалтад шаардлагатай шатахуун, хүн хүч зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Улмаар ЗХЖШ болон холбогдох байгууллагуудтай ярилцана. Хичээлийн шинэ жил эхлэх үед оюутнуудыг цалинтай ургац хураалтад ажиллуулах тал дээр ярилцана. Мөн намрын тариалалтад шаардлагатай 2.5 мянган тонн түлшийг худалдан авах ажиллагааг өнгөрсөн намраас зохион байгуулан ажиллаж байна. Шатахууны нөөцөө бүрдүүлж, цаашлаад ирэх хаврын тариалалтад шаардлагатай нөөцөө бүрдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан” гэлээ.