АНУ-ын Нууц алба Ираны төрийн телевизээр Д.Трампын отгон хүү Баррон Трампын амь насанд заналхийлсэн агуулгатай бичлэг цацагдсаныг шалгаж байгаагаа мэдэгджээ.
Тодруулбал, Ираны төрийн өмчит Исламын Бүгд Найрамдах Улсын телевиз /IRIB/-ээр өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан гэх бараг гурван минутын бичлэг англи хэл дээр “Баррон Трампыг хаана алах вэ?” гэсэн гарчигтайгаар эхэлж, түүний очиж, зорчдог гэх байршлуудыг дүрслэн харуулсан байна. Тухайлбал, Нью-Йорк дахь Трамп цамхаг зэрэг газрыг бичлэгт онцолжээ.
Мөн бичлэгийн төгсгөлд Баррон Трампын амь насанд халдсан хүнд 10 сая ам.долларын шагнал санал болгож буй мэт агуулга гарсан байна.
Энэ талаар АНУ-ын Нууц албаны хэвлэлийн төлөөлөгч Нейт Херринг CNN агентлагт өгсөн мэдэгдэлдээ, “АНУ-ын Нууц алба уг бичлэгийн талаар мэдэж байгаа бөгөөд хамгаалалтад байгаа хүмүүсийн эсрэг чиглэсэн аливаа заналхийллийг шалгадаг” гэжээ. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс хамгаалалтын тагнуул, аюулын үнэлгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг онцолсон тэрбээр байна.
АНУ-ын Холбооны хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь Д.Трамп болон түүний гэр бүлийн гишүүдийг чиглэсэн Ираны талын заналхийллийн агуулгатай мэдээллийн кампанит ажлын нэг хэсэг байж болзошгүй аж.
Ираны хатуу байр суурьтай хэвлэлүүд өмнө нь Д.Трамп болон түүний гэр бүлийн гишүүдийг чиглэсэн заналхийллийн агуулгатай бичлэг, нийтлэлүүдийг удаа дараа цацаж байсан ч Баррон Трампыг олон нийтэд ил тод онилсон тохиолдол өмнө нь гарч байгаагүй бололтой. АНУ-ын эрх баригчид 2020 онд Ираны генерал Касем Солейманиг АНУ-ын ажиллагаагаар хөнөөгдсөний дараагаас Д.Трамп болон АНУ-ын өндөр албан тушаалтнууд Иранаас ирж болзошгүй халдлагын эрсдэлтэй тулгарч болзошгүйг удаа дараа анхааруулж ирсэн аж. Харин Д.Трамп өмнө нь өөрийн амь насанд чиглэсэн заналхийллийн талаар олон нийтэд мэдэгдэж, Иранаас үүдэлтэй аюул заналхийллийг ноцтой гэж үзэж байгаагаа илэрхийлж байжээ.
Эх сурвалж: CNN