АНУ-Канадын худалдааны дайны улмаас америкчуудын хэрэглэдэг ариун цэврийн цаасны үнэ огцом өсөх эрсдэлтэй болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Трампын засаг захиргаа Канадын 20 тэрбум ам.долларын дүнтэй бараа бүтээгдэхүүний импортын татварыг 50 хувь болгосон. Хариуд нь Канадын засгийн газар есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн АНУ-ын 900 орчим бараа бүтээгдэхүүний импортын татварыг 25-50 хувьд хүргэх шийдвэрийг зарласан юм.
Үүний улмаас хамгийн хүнд цохилт амссан салбар нь цаасан бүтээгдэхүүн болжээ. Тухайлбал ариун цэврийн цаас болон салфетканы үнэ огцом өсөхөөр болж байгаа юм байна. Америкчууд эдгээр бүтээгдэхүүнүүдийн зарим хэсгийг дотооддоо үйлдвэрлэдэг ч ой модны арвин нөөцтэй Канад улсаас түүхий эдийн гүнзгий хамааралтай юм. Тухайлбал “Charmin” брэндийн ариун цэврийн цаас үйлдвэрлэгч Procter &. Gamble компани Канадтай худалдааны дайн эхэлбэл бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй болохыг өнгөрсөн онд анхааруулж байжээ.
2024 онд АНУ хойд хөршөөсөө 328 сая ам.доллорын дүнтэй ариун цэврийн цаас импортолсон байна. Канад улс энэ бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгч нь юм. Costco зэрэг жижиглэн худалдааны аварга компаниуд ариун цэврийн цаасны ихэнх хэсгийг Канадаас импортолдог. АНУ-ын хүн ам дэлхийн хүн амын дөнгөж 4 хувийг эзэлдэг мөртлөө ариун цэврийн цаасны хэрэглээний 20 гаруй хувийг эзэлдэг гэсэн тоо бий.