Б.Батцэцэг: СОР17 бага хурлаар Монгол Улсын санаачилсан Улаанбаатарын тунхаглалыг баталсан

Б.Батцэцэг: СОР17 бага хурлаар Монгол Улсын санаачилсан Улаанбаатарын тунхаглалыг баталсан

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) энэ сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж, өнөөдөр хаалтаа хийлээ. Үүнтэй холбогдуулж Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар энэ удаагийн бага хурлын үр дүнг тодорхойлж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг эхний мэдээллийг хийв. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ, Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэг, олон улсад эх орныхоо нэр хүндийг өргөсөн нь үйл явдал боллоо. Үүний дотор Ази тивдээ тус бага хурлыг анх удаагаа зохион байгуулсан улс орноор тооцогдож буйг онцоллоо. Бага хурлын төлөөлөгчид 34 шийдвэрийг зөвшилцөн баталсан. Үүнд, Алжир Улсын санаачилсан Монгол Улсын Засгийн газар ба ард түмэнд талархал илэрхийлэх тухай тогтоол, Монгол Улсын санаачилсан “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” Улаанбаатарын тунхаглалыг санал нэгтэйгээр баталсан. Мөн агуулгын чанартай 14 шийдвэрийг гаргаж, бага хурлыг даргалагч улсын хувьд холбогдох талууд болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтарч ажиллах анд нөхдийн бүлэг болон албан бус ажлын хэсэг байгуулахаар болсныг сайд Б.Батцэцэг тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ бага хурлын хүрээнд болсон өндөр түвшний бусад арга хэмжээний баримт бичгүүдийг баталж, дөрвөн асуудлыг СОР18 бага хурлын хэлэлцэх асуудлын товд шилжүүлсэн. Өнгөрсөн өдрүүдэд талуудын зөвшилцлийг бий болгох, маргаантай буюу санал зөрөлдөөнтэй асуудлыг зохицуулах, эсрэг байр суурьтай байгаа асуудлуудад дундын шийдэл олох, тохирсон хувилбарыг санал болгосны зэрэгцээ улс орнуудтай хийх яриа хэлэлцээг тасралтгүй хангаж ажилласан гэдгийг тэрбээр дурдав.

 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө