Баасан гарагт Чонан хотод будгийн түүхий эд үйлдвэрлэдэг үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас гал гарч, гурван хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн гэж албаныхан мэдээллээ.
Өмнөд Чүнчон мужийн Гал түймэртэй тэмцэх төвийн мэдээлснээр, Дэвон Санооп компанийн ажиллуулдаг түүхий эд үйлдвэрлэлийн үйлдвэрт гал 11:44 цагт гарсан байна. Гал сөнөөгчид гал гарсан хэсгийн ойролцоо нэг хүний цогцсыг, үйлдвэрийн дотроос дахин хоёр хүний цогцсыг олсон байна. Амиа алдсан эхний хохирогч нь тус үйлдвэрийн цайны газарт ажилладаг 70 гаруй насны ажилтан байсан бол бусад хоёр хохирогч нь Филиппин улсын иргэд байжээ. Мөн галын улмаас 30 гаруй насны Индонез улсын иргэн түлэгдэж гэмтэн, нэг гал сөнөөгч гартаа гэмтэл авчээ. Дэлбэрэлт, гал гарах үед үйлдвэрийн талбайд 21 хүн ажиллаж байсан бөгөөд тэдний 17 нь аюулгүй гарч чадсан нь тогтоогджээ.
Албаныхны мэдээлснээр, дэлбэрэлт нь их хэмжээний шатамхай материал хадгалж байсан үйлдвэрийн барилгад болсон гэж үзэж байна. Дэвон компани нь автомашины дугуй, будаг үйлдвэрлэл зэрэг төрөл бүрийн салбарт ашигладаг өөхний хүчил (fatty acid) үйлдвэрлэдэг. Цагдаа болон гал түймэртэй тэмцэх байгууллагууд уг ослын яг шалтгааныг тогтоохын тулд хамтарсан шүүх шинжилгээний үзлэг хийхээр төлөвлөжээ. Хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн албаныханд 15 хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах баг байгуулж, ослын шалтгааныг нарийвчлан тогтоохын зэрэгцээ иж бүрэн мөрдөн шалгалт явуулахыг үүрэг болгожээ. Хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн амь насаа алдсан ажилчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, цаашид хүний амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй хохирлыг бууруулахын тулд бүх хүчин чармайлтаа гарган ажиллана гэж амлалаа.