Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж, импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монгол Улс шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангадаг бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр импортын ойролцоогоор 97 хувийг ОХУ-аас авдаг. Өөрөөр хэлбэл, Монголын шатахууны зах зээлийн бараг бүхэл бүтэн нийлүүлэлт Оросын боловсруулах үйлдвэрүүдийн хэвийн ажиллагаатай холбогддог гэсэн үг.

-ОХУ-ЫН БЕНЗИНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ДОТООДЫН ЗУНЫ ЭРЭЛТИЙН ЕРДӨӨ 70 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАХ ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ БУУРЧЭЭ-

Өмнө нь бид Украины дроны цохилтод өртсөн ОХУ-ын газрын тос боловсруулах 15 үйлдвэрийн хүчин чадлыг нэгтгэн авч үзсэн. Тэдгээр үйлдвэр жилд нийт 145-150 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь ОХУ-ын нийт боловсруулах хүчин чадлын 40-45 орчим хувийг эзэлж байв. Халдлагад өртсөн үйлдвэрүүдийн зарим нь ажиллагаагаа сэргээж амжаагүй байхад шинэ үйлдвэрүүд дахин цохилтод өртөж, Оросын дотоодын шатахууны зах зээлд бодит хомсдол үүсээд байна.

Reuters агентлагийн наймдугаар сарын 28-ны мэдээллээр ОХУ-ын бензиний үйлдвэрлэл дотоодын зуны эрэлтийн ердөө 70 орчим хувийг хангах хэмжээнд хүртэл буурчээ. Өдөрт ойролцоогоор 80 мянган тонн бензин үйлдвэрлэж байгаа боловч зуны улирлын эрэлт нь 115 мянган тонн орчим байгаа тул өдөр бүр 35 мянган тонн орчим бензиний дутагдал үүсэж байна. Ингэснээр өмнө нь “болзошгүй эрсдэл” гэж ярьж байсан зүйл өнөөдөр Оросын дотоодын шатахууны зах зээл дээр бодит хомсдол болж хувирсан байгаа юм. Москва хотод хүртэл бензин худалдан авах хэмжээнд хязгаарлалт тогтоосон бөгөөд зарим томоохон нийлүүлэгч нэг автомашинд 30-60 литрээс илүү бензин олгохгүй болсон талаар бид мэднэ. Энэ бол өмнөх нөхцөл байдлаас гарсан хамгийн том муу үр дагавруудын нэг юм.

-ГЭМТСЭН ҮЙЛДВЭРҮҮДИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙХАД ШИНЭ ОБЪЕКТУУД ХАЛДЛАГАД ӨРТӨЖ БАЙГАА-

Мөн Украины дроны цохилтын дараа үйлдвэр бүрэн зогссон тохиолдол нэмэгдэж байна. Үүний нэг тод жишээ нь ОХУ-ын Оренбург муж дахь Орскийн газрын тос боловсруулах үйлдвэр. Наймдугаар сарын 11-нд болсон дроны цохилтын улмаас тус үйлдвэр боловсруулах ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд гол дэд бүтцэд учирсан гэмтлийг засахад зургаан сар хүртэл хугацаа шаардагдаж болзошгүй гэж Reuters мэдээлсэн байна.

Тус үйлдвэр жилд 5.76 сая тонн буюу өдөрт 115 мянга орчим баррель түүхий тос боловсруулах нэрлэсэн хүчин чадалтай. 2024 онд гэхэд 4.2 сая тонн түүхий тос боловсруулж байжээ.

Нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа гол зүйл нь өмнө нь гэмтсэн үйлдвэрүүдийн асуудал шийдэгдээгүй байхад шинэ объектууд халдлагад өртөж байгаа явдал. Наймдугаар сарын сүүлээр Пермь, Нижний Новгород, Ярославль зэрэг томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд доголдол гарсан талаар Reuters мэдээлсэн байна. Үүний дараа Оросын бензиний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээний 70 орчим хувийг л хангах хэмжээнд хүрсэн байгаа юм.

-ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРЭЛТИЙГ НӨХӨЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ТУЛ ОРОС ШАТАХУУНЫ ИМПОРТОО НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА-

Харин наймдугаар сарын 29-нд ОХУ дизель түлш, далайн түлш болон газойлын экспортын хоригийг есдүгээр сарын 30 хүртэл сунгасан. Анх долдугаар сарын 8-нд эхэлсэн хоригийг наймдугаар сарын 31 хүртэл сунгаад байсан бол дотоодын хомсдол үргэлжилсэн тул дахин нэг сараар сунгажээ. Мөн үйлдвэрлэгч бус экспортлогчдын дизелийн экспорт болон моторын бензиний экспортод тавьсан хязгаарлалт 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл, онгоцны түлшний экспортын хориг арваннэгдүгээр сарын эцэс хүртэл үргэлжлэхээр байна.

Оросын шатахууны хомсдол гүнзгийрснийг өөр нэг үзүүлэлт батална. Дотоодын үйлдвэрлэл эрэлтийг нөхөж чадахгүй болсон тул Орос шатахууны импортоо нэмэгдүүлж байна. Reuters-ийн мэдээллээр наймдугаар сард ОХУ 220 мянга орчим тонн бензин импортолсон бөгөөд үүний 150 мянган тонн нь Беларусь улсаас нийлүүлэгдсэн байна. Мөн далайгаар Азиас их хэмжээний шатахуун татаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, дэлхийн томоохон газрын тос үйлдвэрлэгч, экспортлогч улс өөрийн боловсруулах үйлдвэрүүдийн доголдлыг нөхөхийн тулд гадаадаас бензин авах шаардлагатай болж байна гэсэн үг.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө