“Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженерүүдийн хамт шинээр баригдаж буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замаар анхны аж ахуйн галт тэргийг аялуулж, бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт шалгалтыг хийжээ.
Ингэхдээ 1700 тоннын даацтай, 20 вагон ачаатай аж ахуйн галт тэргээр төслийн трассын дагуу зорчиж, төмөр замын далан, дээд бүтцийн угсралт, гүүр, хоолойн ажлууд, малын гарц болон бусад инженерийн байгууламжийн хийц, чанар, зураг төслийн шийдэлд илүү нарийн түвшинд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хяналт тавьж ажиллажээ. Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын урдуур чиглэн Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эмээлт өртөөнд холбогдох төмөр замын салбар шугам юм. Энэхүү төмөр замын төслийн үндсэн шугамын урт нь 127.1 км бөгөөд дөрвөн өртөө, гурван зөрлөгтэй байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хоёр үе шаттайгаар хариуцан хэрэгжүүлж байна.
Мөн төслийн 43 дахь километрт байрлах 176 метр урт, 22 метр өндөр гүүрээр анхны аж ахуйн галт тэргээр зорчиж, гүүрийн хийц, угсралтын чанар болон төмөр замын дээд бүтцийн ажлын явцыг газар дээр нь шалгаж ажиллалаа. Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын трассын дагуу нийт есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгсэл болон ус нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг бүхий анхны аж ахуйн галт тэрэг 1700 тоннын даацтай, 20 вагон ачаатайгаар Багахангай-2 өртөөнөөс хөдөлж, трассын дагуу 40 км,цагийн хурдтай зорчиж, таван төмөр бетон гүүр, нэг зөрлөгийг өнгөрч, бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьсаар 91 дэх километрт хүрч, ачаагаа буулгаад буцжээ. Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр буюу 1,5 сая хүн ам суурьшсан бүсүүдээр тэсэрч дэлбэрэх, хортой бодис бүхий 34 нэр төрлийн аюултай ачааг тээвэрлэхгүй, хотын гадуур буюу Богдхан уулын урдуур тээвэрлэх, ард иргэдийн төдийгүй улс орны аюулгүй байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатар төмөр замын сүлжээний уялдаа холбоо сайжрахын хэрээр нийслэл хотын түгжрэлийг 30 хувиар буурах ач холбогдолтой төсөл аж.