Ши Жиньпин: Монголын тал Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаална гэж найдаж байна

Ши Жиньпин: Монголын тал Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаална гэж найдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотод болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Тэрбээр өчигдөр /2026.08.31/ хуралдаанд оролцохын өмнө  БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан билээ. Энэ талаар БНХАУ-ын төрийн хэвлэл болох “Ардын өдөр тутмын сонин” /People's Daily/ есдүгээр сарын 1-ний дугаартаа мэдээлсэн байна. 

Ши Жиньпин уулзалтын үеэр хоёр улс хөгжлийн стратегиа уялдуулж, худалдаа, харилцан холболт, эрчим хүч, ашигт малтмалын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ногоон ашигт малтмал, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааны боломжийг ашиглах шаардлагатайг онцолсон байна. Мөн тэрбээр хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгож, өөр өөрсдийн модернизацын замд хамтдаа урагшлах хэрэгтэйг тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ “Монголын тал Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хамгаална гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Хятад улс олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран харилцан хүндлэл, итгэлцэл, найрсаг хөршийн харилцаагаа хадгалсаар ирснийг онцолжээ. Тэрбээр Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явдал болохыг илэрхийлж, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна.