СУРВАЛЖИЛГА: Хандиваар ирсэн хонь нэг сая төгрөгөөр зарагдсан нь Монголын хамгийн үнэтэй хонь болсон

СУРВАЛЖИЛГА: Хандиваар ирсэн хонь нэг сая төгрөгөөр зарагдсан нь Монголын хамгийн үнэтэй хонь болсон

Хүүхэд гэдэг маш гэгээлэг, том ертөнц. Тэд хэнээс ч, юунаас ч айлгүй сурч, боловсорч  хөгжих эрхтэй. Гэвч хүүхэд бүхэнд тийм боломж одоогоор алга.Харин энэхүү боломжийг тууштай хайж, олж, бүтээж буй нэгэн гайхалтай хамт олон бий. Энэ бол “Лантуун дохио” ТББ. Тэд хүүхэд бүрийг, айл өрх бүрийг аз жаргалтай, айдасгүй байгаасай гэж хүсч тэмүүлсээр 7 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд олон мянган багачуудад аз жаргал бэлэглэж ирсний томоохон нэг жишээ нь “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв. Хамгийн  эрсдэлтэй хэсэгт тооцогддог Улиастайд сүндэрлэн боссон ид шидийн гэмээр энэхүү байшин олон  мянган багачуудын хүсэл мөрөөдөл мөн олон сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжлэгээр сүндэрлэн босчээ.

Биднийг очиход хашааны гадаа хүүхдүүд цугларчихсан “Эгч ээ хаалга хэзээ онгойх юм бол” гэж асуун нүдээ гялалзуулан зогсоно. Тэд хашаанд байдаг тоглоомууд дээр өдөржин тоглож өнждөг гэнэ. Арга ч үгүй биз. Энэ хавьд хүүхдэд зориулагдсан гэж хэлэхээр өнгөтэй, өөдтэй ганц ч зүйл алга. Харин хашааны хаалга нээж өгсөн ах “энэ пүрэв гаригт Улсын онцгой комисс хүлээж авна гэсэн болохоор бид өнөөдөр хүүхдүүдийг оруулалгүй, засвар цэвэрлэгээ хийж байна” гэж ярив. Үүднээсээ л хүүхдийн ертөнцийг илтгэсэн мэт гэгээлэг орчин биднийг угтлаа. Тус төвийн ханан дээрх зураг, гэрлийн бүрхүүл, сандал ширээ гээд л бүх зүйл хүүхдэд зориулагджээ.

Бид ярилцлагаа “Мagic cafe” хэмээх маш олон төрлийн гоёмсог номнуудтай, тухлаг ширээ сандалтай газар эхлэв. Хүүхдүүдэд зориулсан ном, ширээ сандал зэргээс гадна харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сонсдог ном, баррель үсэгнүүд цаашлаад тэргэнцэртэй хүүхэд ч тоглож болохоор савлуур зэргийг хийж бүрдүүлсэн нь үнэхээр л хүүхдэд хайртай хүмүүсийн халуун дулаан сэтгэлийг мэдрүүлж байв. Тус кафед хэн ч орж үйлчлүүлэх боломжтой бөгөөд таны худалдан авсан кофе мөн сайн үйлсийн аянд зориулагдах гэнэ. Ингээд бид “Лантуун дохио” ТББ-ын хуулийн зөвлөх У.Ганбаяртай сонирхолтой яриа өрнүүллээ.

-“ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН ХАМГААЛАХ НЬ
МАШ ЧУХАЛ”-

-“Ид шидийн орон 2” төсөл амжилттай хэрэгжиж дуусав уу? Хэр хугацаанд хэрэгжиж дууссан бэ?

-Одоогоор албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Гэхдээ арваннэгдүгээр сарын 23-наас эхлэн хүмүүст тодорхой хэмжээний үйлчилгээ үзүүлж байсан. Хамгийн  гол үйлчилгээ үзүүлсэн хэсэг бол “Magic cafe” буюу номын сангийн  уншлагын танхим, кофе шопын үйл ажиллагаа явуулдаг хэсэг. Бусад анги танхим болон үйлчилгээний хэсэг одоогоор эхлээгүй байна. Учир нь нэгдүгээр сараас эхэлсэн цар тахалтай холбоотойгоор хүүхдүүд хүлээж авах боломжгүй болсон. Харин саяхнаас бид “Лантуу хүүгийн богц” аяныг эхлүүлснээр хүмүүс цугларч хандив тусламж өгч эхэлсэн.

-Ер нь энэ төслийг хэзээнээс санаачлаж хийж эхэлсэн бэ?  Хэр хугацаанд баригдаж дуусав?

-“Лантуун дохио” ТББ-аас олон талын нөлөөллийн үйл ажиллагаануудыг сүүлийн 7 жилд хэрэгжүүлээд явж байна. Анх бид 25-р эмийн санд “Лантуу хүүгийн байшин” гээд хүүхэд хамгааллын мини үйлчилгээг үзүүлж байсан. Тэр үедээ хүүхэд хамгааллын утас ажиллуулаад, сэтгэл заслын үйлчилгээ зэргийг үзүүлж ажилласан. Мөн давхар “Ид шидийн уут” аяныг өрнүүлж байх үедээ маш олон эмзэг бүлгийн айл өрхүүдээр очсон. Үүнийг хараад маш их эмзэглэж, цаашдаа яах ёстой вэ, хүүхэд хамгааллын тал дээр бид ямар шийдэл гаргах ёстой вэ гээд ярилцаж, эрэл хайгуул хийсний үндсэн дээр “Ид шидийн орон” төслийг санаачлаж, ажиллаж эхэлсэн.  Тиймээс “Лантуу хүүгийн байшин”, “Ид шидийн уут”, “Лантуу хүү” төслүүд бол бие биентэйгээ нягт холбоотой,  “Ид шидийн орон”-г санаачлан гаргаж ирэхэд маш чухал үзүүлэлт болсон төслүүд гэж ойлгож болно. 2017 онд анх хүүхэд хамгааллын  “Ид шидийн  орон” төслийг  санаачлан ажилуулж эхэлсэнээс хойш  гурван жил энэ чиглэлээр  ажилласан. Үүнээс ойлгосон гол зүйл нь  хүүхдийг  хүчирхийлэлд өртсөний дараа биш  харин өртөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж ажиллах нь чухал юм байна гэж ойлгосон. Ингээд “Ид шидийн орон 2” төсөл хийгдэж эхэлсэн юм. Энэхүү төсөл маань нэгдүгээрт,  урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлууд, хоёрдугаарт өсвөр үеийнхэн рүү  чиглэсэн сэтгэл зүйн асуудал, гуравдугаарт хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээ гэсэн гол санааг баримталж ажилласанаараа илүү чухал ач холбогдолтой.

Урт хугацаанд тусалж дэмжиж хандивт оролцсон газрууд болон хүмүүс

Нэг сая төгрөгнөөс дээш хандив өгсөн хүмүүс

-БИД ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХЭЗЭЭ Ч ХАНДИВ ГЭЖ ХАРДАГГҮЙ,
ХАРИН ҮР ШИМ НЬ ХЭНД ОЧИХ ВЭ ГЭЖ БОДДОГ-

-“Ид шидийн  орон 2” төсөл “Ид шидийн орон 1”-ээс юугаараа онцлог вэ? Бүтэц зохион байгуулалтын хувьд?

-“Ид шидийн орон 1” төв бол зөвхөн хамгаалах үйлчилгээ явуулдаг. Хамгаалалтанд авах хүүхдүүдээсээ гадна цэцэрлэгийн хүүхдүүдэд боловсрол олгодог. Тодорхой хэмжээний сургалт, хөтөлбөрийн үйлчилгээ явагдаж байгаа хэдий ч илүү хаалттай талдаа. Харин ” Ид шидийн орон 2” бол олон  нийтийн оролцоо түшиглэсэн, илүү нээлттэй. Хэн ч орж ирээд манайхаас үйлчилгээ авах боломжтой. Энэ номын  санд  байгаа 8 мянга гаруй номноос хэн ч орж ирээд картаа нээлгээд уншиж болно. Мөн хөгжлийн олон төрлийн хөтөлбөрүүд явагдана. Цэцэрлэгийн 3 анги байгуулсны нэг нь холимог бүлгийн  анги  буюу аутизмтай, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан анги юм. Тэдний бүх хэрэгцээг хангасан, хүртээмжтэй орчинг бүрдүүлж чадсанаараа хамгийн онцлог. Үүний дээрээс хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэх, урьдчилан сэргийлэх, хүмүүсийг энэ тал дээр илүү соён гэгээрүүлэх зорилгоор яриа, хэлэлцээр түлхүү зохион  байгуулна. Мөн нийгмийн  ажилтан, сэтгэл зүйч  нар маань тухайн хүүхдийг ажиглалтын аргаар сонгон авч, ярилцлаганд оруулаад тухайн хүүхдийн ард байгаа асуудлыг илрүүлэх дарааллаар ажиллана гэсэн үг. Ингэснээр тухайн хүүхэд маань бие махбод, сэтгэл санааны илүү өндөр эрсдэлд орохоосоо хамгаалагдана гэсэн үг.

-ХАНДИВААР ИРСЭН  ХОНЬ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР
ЗАРАГДСАН НЬ МОНГОЛЫН 
ХАМГИЙН  ҮНЭТЭЙ ХОНЬ БОЛСОН ТОХИОЛДОЛ БИЙ-

-Энэ бүх зардал хандивын аянаар боссон гэж ойлгож болох уу?

-“Ид шидийн  орон 1, 2 “ төв маань нийт 3.5 тэрбум төгрөгийн өртөгөөр бий болсон. Энэ бүх мөнгө бол олон нийтийн дэмжлэг, оролцоо, хандивын үйл ажиллагаанаас бүрдсэн. Бид хөрөнгө босгох олон үйл ажиллагаа зохион байгуулдаг хэдий ч  олон нийт,  аж ахуйн нэгж байгууллагууд, гадаад дахь монголчууд, бидэнд өдөр тутам тусалдаг сайн дурын байгууллагын залуучууд гээд маш олон хүний тусламж, дэмжлэгийн ачаар бий болсон юм.

-Энэ дундаас онцлохуйц хандив гэвэл ямар хандив  байгаа вэ? Гадаад улс орнуудаас их ханддаг уу?

-Энэ тал дээр хэн нэгнийг тодотгох мөн тоо ярихад жаахан хүндрэлтэй. Бидэнд 1000 төгрөг өгж байна уу, эсвэл нэг сая төгрөг өгч байна уу гэдгээс үл хамаараад бүгд л адилхан хандивлагч. Бид энэ тал дээр тэр нь илүү, энэ нь илүү гэж огт харж үздэггүй. Харин оролцоогоо бодит болгож бидэнд тусалж байгаа бүх хандивлагчдадаа баярладаг. Харин маш урт хугацаанд бидэнтэй холбоотой ажиллаж байсан хандивлагчдынхаа нэрсийг бид үүдний хэсгийн алдарын одон дээр бичсэн.

-Хандив олон төрлөөр цуглардаг байх?

-Тэгэлгүй яахав. Янз бүрийн хэлбэрээр цуглардаг. Тэдгээрээс дурдвал ном, хувцас, тоглоом мөн барилга барихад хэрэгтэй паркетан шал зэргийг хандивлагчид маань ирүүлдэг. Хамгийн  хөөрхөн санагдсан кейс бол Увс аймгаас нэг эмээ бидэнд 5 шуудай боорцог хийж явуулсан байсан. Жолооч нь биднийг сайн мэдэхгүй ч олоод аваад ирсэн. Увс Улаанбаатар хоёр хэр зайтай билээ. Бас нэг малчин ах хонь хандивласан. Үүнийг дуудлага худалдаагаар зарахад нэг сая   төгрөгөөр борлогдсон. Тэр хонь бол монголын хамгийн үнэтэй хонь болсон /инээв/.  Энэ мэтчилэн олон төрлийн хандив ирдэг.

-ХОЁР ӨДРИЙН ДОТОР НИЙТ ЭМЗЭГ БҮЛГИЙН
2169 ӨРХ АЙЛД ХҮРЧ АЖИЛЛАСАН-

-Сая өнгөрсөн амралтын өдрөөр “Лантуу хүүгийн богц” аян болж өнгөрсөн. Энэ талаар ярьвал?

-Энэ аян бол цар тахлын үед хүнд байдалд байгаа ар гэрийхэнд туслах зорилгоор явагдсан. Ерөнхийдөө хүнс хандивлаж байсан ч хувцас, тоглоом зэрэг бас хандивууд ирсэн. Нийтдээ хоёр өдрийн дотор 2169 өрх айлуудад богцоо хуваалцсан. Түгээлтэнд нийт 150 машин оролцож, нийт 8 дүүрэг, нэг аймгийн хүрээнд аян явагдсан. Бид хорооны судалгаа гэхээсээ илүүтэй “Ид шидийн уут” аяныхаа хүрээнд судалсан айл өрхүүдийг оролцуулан нэг айлд нэг сарын хэрэглээний хүнсийг хандивласан. Энэ нь хэдий материаллаг дэмжлэг хэдий ч оролцож байгаа залуус зөвхөн сошиалаар лайк дарж, сэтгэгдэл бичилгүй  нийгмийн асуудал ямар байгааг өөрсдөө нүдээрээ харж, ойлгож,  цаагуураа маш том мессежийг авсан гэж ойлгож болно. Тиймдээ ч энэ аяны нөлөөллөөр 21 аймгийн 11-т нь аян өрнөчихсөн явж байна.

-Маш олон залуусыг нэгтгэж ийм том бүтээн байгуулалтыг хийхэд танай байгууллагаас юу нөлөөлсөн гэж бодож байна?

-Хандивын аян гэдэг зүйл бол хамгийн гол нь олон нийтэд өгч байгаа мессеждээ байдаг гэж ойлгодог. Бид нар хэзээ ч хийж байгаа зүйлээ хандив гэж харж байгаагүй. Харин үүнээс гарч байгаа үр шим, үр дүнг нь хэн хүртэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулдаг. Мөн түүнийгээ олон нийтэд хүргэхдээ зөв өнцгийг барьж ажиллахыг хичээдэг. Нийгмийн олон  шуугиан дундаас хүмүүст яаж зөв нөлөөллийг  хүргэх вэ, яаж эерэгээр нөлөөлөх вэ гэж боддог. Нөгөө талаасаа “Ид шидийн уут” аянаар явж байхдаа бид маш их эмзэглэмээр зүйлсийг мэдэрч, нүдээрээ харсан учраас ажлынхаа ач холбогдлыг мэддэг. Юуны төлөө яваад байгаагаа мэддэг. Мөн ямар үнэ цэнтэй ажил хийж байгаагаа мэддэг учраас тэр бүхнийг  хүмүүс мэдээсэй, ойлгоосой гэдэг орон зай, боломжийг нь нээж өгсөн гэж бодож байна. Ер нь ААН, хувь хүмүүс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тодорхой хэмжээний мөнгийг зорилтот бүлэг рүү гаргаж байгаа байх. Гэхдээ хүмүүс зөв зүйл дээр нэгдэж чадвал, мөрөөдлөө холбож чадвал гайхалтай ид шидийг бүтээж чаддагийг батлан харуулсаар байна. Өөрөөр хэлбэл мөрөөдөл, зорилго, үнэт зүйлээ нэгтгэж чадвал ямар гайхалтай зүйлс бий болдог вэ гэдгийг харуулахыг хүсдэг.

-МАСКАА ЗҮҮ, ГАРАА УГАА ГЭЖ ӨДӨР БҮР МЭДЭЭЛЛЭЖ
БАЙГАА ШИГ ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ Ч ГЭСЭН
ҮҮНТЭЙ АДИЛ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ-

-2012 оноос хойш  танай байгууллага олон хүүхдэд тодорхой хэмжээний аз жаргал бэлэглэсэн. Энэ явцдаа бид үүний төлөө тууштай тэмцэж, нэгдэж ажиллах ёстой юм байна гэдгийг харуулсан тохиолдлуудаасаа хуваалцвал?

-Асар их тохиолдлууд байна л даа. Алийг  нь онцгойлж ярихаа мэдэхгүй байна. Хүний наймааны золиос, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гээд их тохиолдол бий. Харин  нийгмээр нь харахад хүмүүс  бол тэднийг “арчаагүй, сул дорой, засрахаасаа өнгөрсөн” гэх мэт хандлагаар нийгмээрээ нулимчихаж байна. Маш олон хүмүүс бид нарыг “та нар хүмүүст бэлэнчлэх сэтгэлгээг өгөөд байна” гэж шүүмжилдэг. Яг үнэнийг хэлэхэд бэлэнчлэх сэтгэлгээтэй болох суурийг нь нийгэм өөрөө тавиад өгчихсөн. Маш олон хороо, хэсгийн ахлагч зорилтот бүлэгт хүрэх ёстой зүйлсийг хамаатан садныдаа аваачиж өгсөөр байгаад үнэхээр дэмжлэг хэрэгтэй байгаа айлын боломжийг хаачихаад байгаа юм.

Зарим хүмүүс яг чин сэтгэлээсээ үүнийг өөрчилье гэж хүсэхгүй байна л даа. Жишээ нь нэг бухимдмаар зүйл байгаа нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газар дээр очоод “танай дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусламаар байна аа. Танд судалгаа байвал гаргаад өгөөч гэсэн санал тавихад “манай байгууллагын лого, нэр усыг гаргах юм уу? Хэрвээ гаргавал бид нар өгнө” гэсэн. Тэр бол нийгмийн асуудлыг өөрсдөө боомилж тавьчихаад чин сэтгэлээсээ өөрчлөх хүсэлтэй хүмүүсийн замд садаа болж байгаа явдал. Тэр хүмүүс ямар их сэтгэлийн дарамт, айдас дунд амьдарч байгааг нь өөрсдөө нүдээрээ хараагүй байж төсөөллөөрөө бичиж, сурвалжлаж, хууль баталж байна. Тиймээс нийгмээрээ энэ асуудалд оролцох хэрэгтэй. Бидний хувьд нийгмийн тодорхой хэмжээний хүмүүсийн анхаарлыг нь энэ асуудал руу хандуулж, оролцуулж чадсан нь маш том амжилт гэж боддог. Өглөө болгон 11:00 цагт коронавирустэй холбоотой мэдээ явуулдаг шигээ хүчирхийллийн талаар мэдэгдэж байхыг төрийн байгууллагыхан ард иргэдэд тогтмол уриалах хэрэгтэй байна.

-Энэ төслийг дагаад ажлын байр тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа байх?

-“Ид шидийн орон  1” дээр одоогоор 19 боловсон хүчин байдаг. Хөгжлийн хөтөлбөрийг авч явдаг багш, туслах багш, үйлчилгээний ажилтан, тогооч, хамгаалах үйлчилгээний халамжийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, зохицуулагч мөн удирдах ажилтан гэсэн ажлын байрнууд байдаг. “Ид шидийн орон 2” дээр мөн энэ жишгээр явна. Гэхдээ илүү олон хүнтэй ажиллах учраас 30-35 орчим ажилтан авна гэсэн урьдчилсан төлөвлөгөө байна.

-Танай байгууллага төртэй хэр холбоотой ажилладаг вэ?

-Нягт холбоотой, уян хатан ажиллахыг үргэлж хичээдэг. Сая л гэхэд “Лантуу хүүгийн богц” аянаар нэн түрүүнд 107,  108  утасны хамгаалах байр, “Үжин” төв, “Бадамлянхуа” төв, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, Улсын асрамжийн газрууд гэх мэт шаардлагатай бүх газруудад хүнсээ хүргэсэн.  Гэхдээ  бид нөгөө талаараа төр засагтай хууль, эрх зүй бодлогын түвшинд илүү хамтарч ажиллах нэн шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

2016 онд хүүхдүүдийн 80 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааны дүн гарчээ . Энэ тоо одоо ч буураагүй гэхэд буруудах зүйлгүй. Та, бид, таны хөрш хүүхдийн хүчирхийллийн эсрэг юу хийж чаддаг вэ? Цахим ертөнцийн  цаанаас хүүхдийн  хүчирхийлэлтэй хэр удаан уурлаж,  бухимдаж, өрөвдөж тэмцэх ёстой гэж? Энэхүү тэмцлээ одоо бодит болгох ёстой. Ингэж чадвал ирээдүйд таны, миний, манай улсын бүх хүүхдийг хүчирхийлэлгүй гэгээлэг нийгэм хүлээж байна. Энэхүү нийгмийг бүтээлцэх гэж зорьж, тэмүүлж, тэмцэж яваа “Лантуун дохио” ТББ-ын хамт олон, сайн дурын ажилчин залуус, хандив өргөгчиддөө мянга мянган бяцхан зүрхний өмнөөс баярлалаа гэж хэлье.