Засгийн газар улсын стратегийн нөөц бүрдүүлэхээр худалдан авах улаанбуудайн үнийг ангиллаар нь тогтоолоо.
Тодруулбал, нэг тонн улаанбуудайн худалдан авах үнийг:
- I ангилал – 1.45 сая төгрөг
- II ангилал – 1.35 сая төгрөг
- III ангилал – 1.25 сая төгрөг
- IV ангилал – 1.15 сая төгрөг байхаар тогтжээ.
Уг үнийн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтран гаргасан байна. Судалгаанд 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
Засгийн газраас дотоодын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, улаанбуудайн үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг улсын стратегийн нөөцөд бүрдүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ улаанбуудайн үйлдвэрлэлийн бодит өртөг болон тариаланчдын саналыг харгалзан худалдан авах бөгөөд шаардлагатай зардлыг 2026 оны төсвийн тодотголд тусган өргөн мэдүүлсэн байна.