Монгол Улсын хэмжээнд бөөрний архаг дутагдлын тавдугаар үе шат буюу төгсгөлийн шатны оноштой, амьдралыг залгуулах гемодиализ эмчилгээнд тогтмол хамрагдаж буй хоёр мянга орчим иргэн байна. Олон улсын клиник удирдамж болон Бөөр орлуулах эмчилгээний зааврын дагуу эдгээр өвчтөнүүд долоо хоногт гурван удаа, удаа бүрд дөрвөн цагийн хугацаатайгаар цусаа шүүж, бие дэх хорт бодис, илүүдэл шингэнийг гадагшлуулах шаардлагатай байдаг аж.
ВИДЕО:
- ХЭРЭВ АППАРАТГҮЙ БОЛЧИХ ЮМ БОЛ БИД НАР ШУУД Л АМЬ НАСНЫ ЭРСДЭЛД ОРНО, ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ-
Эрүүл мэндийн яамны статистик мэдээллээр манай улсад жил бүр шинээр 100–150 хүн энэ оношоор нэмэгдэн бүртгэгдэж, гемодиализийн тусламж үйлчилгээний эрэлт тогтмол өсөж байна. Улсын хэмжээнд нийт 462 гемодиализийн аппарат ажиллаж байгаа ч гуравдугаар шатлалын төрөлжсөн төв эмнэлгүүд болон зарим аймаг, дүүрэгт л бий. Харин зарим дүүрэг, орон нутгийн эмнэлгүүдэд гемодиализийн аппарат байхгүй, байгаа нэг нь эхнээсээ эвдэрсэн гэх асуудлаас болж төвлөрөл, ачаалал эрс нэмэгджээ.
Иргэн А.Мөнхдэлхий "Би аппаратад ордог болоод одоо есөн жил болж байна. Сүүлийн жилүүдэд янз бүрийн асуудал гараад аппарат эвдрэх тохиолдол зөндөө гарсан. Бид чинь долоо хоногт гурван удаа орох ёстой байхгүй юу. Миний хувьд Нэг дэх, хагас сайнд ороод, бүтэн сайнд ганцхан өдөр амраад хоёр дахь өдөр эмнэлэгт ирэхэд л зүгээр явж чадахгүй амьсгаадаад, хаван нь тулчихсан ирдэг. Хэрэв аппаратгүй, угаалгахгүй болчих юм бол бид нар шууд л амь насны эрсдэлд орно, өөр зам байхгүй. Очер дарааллаа өөр өөр эмнэлэгт оруулахгүй байна гээд эмнэлэг бараадаж явдаг хүмүүс байдаг. Харьяа дүүргийнхээ эмнэлэгт л ормоор байдаг ч эмнэлэгт нь аппарат олдохгүй байна гэдэг харамсалтай" хэмээн ярив
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын журмаар гемодиализ эмчилгээний нэг удаагийн шүүлт зардлыг (125,000 төгрөг) даатгалын сангаас эмнэлгүүдэд бүрэн санхүүжүүлдэг. Гэвч жил бүр энэ оношоор оношлогдож байгаа хүний тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор аппратны хүрэлцээний асуудал хүндэрч байгаа юм . Мөн олон жил ашиглагдсан аппаратууд гэмтэх үед эмнэлгүүд өөрсдийн дотоод үйл ажиллагааны төсвөөс зардлаа гаргадаг нь засварын хугацаа уртасах, техникүүд гацах үндсэн шалтгаан болдог байна. Үүний уршгаар төрийн өмчийн эмнэлэгтээ багтахгүй иргэд очер дараалал харан өөр эмнэлгүүдийг бараадах, эсвэл даатгалын хөнгөлөлтгүй хувийн эмнэлэгт өндөр төлбөр хувиасаа төлж орохоос өөр сонголтгүй болж байгаагаа ярив.

-САРД 500-600 МЯНГАН ТӨГРӨГ, ЖИЛД ДОЛОО ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЭМ БОЛОН ЭМЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛДАГ-
Аппаратын хүртээмжгүй байдлаас гадна дагалдах эмийн зардал өвчтөнүүдийн санхүүд шууд нөлөөлж байгаа ажээ. Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж болох сард 480 мянган төгрөгийн халамж авдаг иргэдийн сарын эмийн бодит хэрэглээ нь 500-аас 600 мянган төгрөг давдаг байна. Энэ талаар тус эмчилгээг 18 жилийн турш хийлгэж буй иргэн дараах мэдээллийг өглөө.
Иргэн М.Мэндбаяр "Миний хувьд энэ өвчнөөр оношлогдоод 18 жил болж байна. Олон жил аппаратад орж, үнэтэй эм тариа хэрэглэсэн болохоор санхүү мөнгө нь үнэндээ дийлдэхгүй байна. Надтай адилхан ийм оноштой олон жил явж байгаа хүмүүс зөвхөн эм тарианд хувиасаа 100 гаруй сая төгрөг гаргаад л явж байгаа. Сард бараг 500-600 мянган төгрөг, жилд долоо гаруй сая төгрөг зарцуулдаг. Одоо би бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох гээд, ээж минь донор болох гээд эсрэг биетээ шүүлгэнэ. Энэ хагалгааны зардал нь 200 сая төгрөг. Үүнээс гадна энэ их эм тарианы мөнгө гээд үнэндээ туйлдаж байна даа. ЭМЯ-аас үүн дээр анхаарал хандуулаад бөөрний архаг дутагдал оноштой хоёр мянга гаруй иргэндээ ээлтэй хандаад энэ асуудлыг цогцоор нь шийдээд өгөөсэй гэж хүсэж байна" гэлээ.

Дээр дурьдсанчлан жил бүр шинээр 100–150 хүн “бөөрний архаг дутагдал” гэх оношоор оношлогдог. Гэвч улсын болон гэрээт эмнэлгүүдийн аппаратын суудлын тоо хязгаартай тул шинээр оношлогдсон хүмүүс комиссын шийдвэр хүлээх, эсвэл сул суудал гарах (хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох эсвэл нас барах) хүртэл түр хугацаанд хувийн эмнэлгүүдэд өндөр төлбөр хувиасаа төлж, амь насныхаа эрсдэлийг хаахаас өөр аргагүй нөхцөлд ордог байна.