Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотой иргэдийн эсэргүүцэл намжаагүй байхад тус хөшөөний дэргэд хүүхдийн баримал байршуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тодруулбал, хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр С.Зориг агсны хөшөөний хажууд дүрэмт хувцастай, сууж буй хүүхдийн баримлыг байршуулжээ. Харин уг хүүхдийн баримлыг “Монос” эмийн сангийн “BACK TO SCHOOL 2026” аяны хүрээнд “Эрүүл биед саруул ухаан” уриан дор бүтээсэн аж.
Түүнчлэн Их зохиолч Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын хөшөөний дэргэд ч мөн хүүхдийн хөшөө байрлуулсан байна.


"Монос" ХХК энэхүү үйл ажиллагаагаа хүүхэд, залууст урам зориг өгөх, өмнөх үеийнхнээсээ үлгэр дуурайл авч, эх орондоо хэрэгтэй сайн хүн болохыг уриалах зорилгоор эрхэм хүмүүсийн хүүхэд ахуйн төрхийг харуулсан баримлуудыг бүтээсэн гэж тайлбарлажээ. Ингэхдээ холбогдох албаны хүмүүсээс зөвшөөрөл аваагүй бөгөөд уг асуудлыг Нийслэлийн соёл урлагийн газраас шалгаж байгаа юм байна.