Дуучин A Cool буюу Б.Анхбаяр “The HU” хамтлагийн тоглолтын дараа буюу наймдугаар сарын 8 /2026.08.08/-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдаж, эргэн тойрны эд зүйлсийг нь эвдэж танхайрсан хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар тухайн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл A Cool буюу Б.Анхбаярт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад Б.Анхбаяр нь архи согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэсэн гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлээд байгаа аж. Дуучин A Cool буюу Б.Анхбаяр нь өнгөрсөн наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, олон нийтийн тоглолт, маркетинг хариуцсан албанд томилогдон ажиллаж байжээ.
Тэгвэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/-ийн 1-д "Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.