Улсын гарди М.Бадарч есдүгээр сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болох Барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд зодоглохоор очихоо мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар Сүбээдэй.мн сайтын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Би одоо барилдаж болох уу” хэмээн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээс асуухад “Допингийн холбооноос тодруулаарай” гэсэн хариу өгсөн. Харин Допингийн эсрэг байгууллагаас “Өөрөө мэд” гэсэн хариу авсан тул есдүгээр сарын 5-ны барилдаанд очно гэжээ.
М.Бадарчийн барилдах эрхийг 2023 онд дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал барилдах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. М.Бадарч шийдвэрийг эсэргүүцэн Спортын арбитрын шүүхэд хандсан боловч 2024 онд түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хэдийгээр сүүлийн үед М.Бадарчийн барилдах эрх сэргэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа ч одоогоор түүний эрхийг албан ёсоор сэргээсэн шийдвэр гарсан талаар албаныхан мэдээллээгүй байгаа. Тухайлбал, 2026 оны долдугаар сард Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Н.Номтойбаяр допингийн зөрчлөөр эрх, цолоо хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээх бүрэн эрх тус комисст байхгүйг мэдэгдсэн. Мөн Допингийн эсрэг байгууллагаас тухайн бөхчүүдэд “допинг хэрэглээгүй нь тогтоогдсон” гэсэн агуулгатай албан бичиг ирээгүй тул өмнө гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгааг хэлж байсан.