Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Монголын баг тамирчид өчигдөр 10 медаль хүртлээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Монголын баг тамирчид өчигдөр 10 медаль хүртлээ

Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод болж буй дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын баг тамирчид алыш бөх, модон барилдаан, морьт барилдааны төрөлд хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, алыш буюу бүстэй барилдааны фрийстал төрөлд манай улсаас улсын начин Н.Амгаланбаатар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр Бенин, Нидерланд, Беларусийн бөхийг ялсан ч хагас шигшээд Киргизийн тамирчинд ялагдсанаар хүрэл дээр буув. Фрийстайл төрлийн 80 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, жүдо бөхийн спортын мастер Х.Хатанболд Беларусь, Азербайжан, Молдавыг ялж, хагас шигшээд Туркменистаны бөхөд ялагдсанаар хүрэл медаль хүртлээ. Тэгвэл бүстэй барилдааны +100 кг-д аймгийн арслан М.Баасанжав, Азербайжан, Беларусийн бөхийг ялсан ч хагас шигшээд Молдавын бөхөд дийлдсэнээр хүрэл медаль зүүж, алтан соёмбот төрийн далбаагаа Чолпон-Ата хотод мандуулжээ. Тэгвэл модон барилдааны төрөлд эмэгтэйчүүдээс 55 кг-д М.Анударь, 70 кг-д Ц.Пүрэвсүрэн нар хүрэл, эмэгтэйчүүдийн +75 кг-д Б.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Д.Баасансүрэн нар мөнгөн медалиар Монголын баг тамирчдын медалийн тоог нэмлээ. Мөн морьт барилдааны 60 кг-д А.Жанибек, 70 кг-д М.Наурызбек, 80 кг-д  Е.Өмиртай нар хүрэл медаль хүртсэн байна.

Үүнээс гадна Дэлхийн нүүдэлчдийн наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох сээр цохих тэмцээнд Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж уг наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат тэрбээр “Алтан-Мундарга” тэмцээний секундийн дээд амжилтыг эзэмшдэг ажээ.