Улсын гарди М.Бадарчийн барилдах эрх сэргэх эсэхийг МҮБХ болон Үндэсний допингийн эсрэг байгууллага бус Н.Номтойбаяр шийднэ

Улсын гарди М.Бадарчийн барилдах эрх сэргэх эсэхийг МҮБХ болон Үндэсний допингийн эсрэг байгууллага бус Н.Номтойбаяр шийднэ

Улсын гарди М.Бадарч есдүгээр сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болох Барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд зодоглоно гэдгээ мэдэгдсэн нь өдгөө олон нийтийн анхаарлыг татаад байна.

Олон нийтийн дунд хамгийн олон жилээр барилдах эрхээ хасуулсан гэх түүний эрхийг сэргээх хэрэгтэй гэж үзэх хэсэг бий. Нөгөө талд нь хууль, дүрмийн дагуу хүлээсэн шийтгэлээ эдэлж, хэрэглэсэн бодисынхоо хариуцлагыг бүрэн хүлээх шаардлагатай гэж үзэх хүмүүс ч байна.

“М.БАДАРЧ: ОДОО НЭГ БАРИЛДЧИХМААР БАЙНА”

Харин Улсын гарди М.Бадарч “Би одоо барилдаж болох уу гэж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээс асуухад Допингийн холбооноос тодруулаарай гэсэн. Харин Допингийн эсрэг байгууллагаас ‘Өөрөө мэд’ гэсэн. Гэхдээ энэ сарын 5-нд болох бөхийн барилдаанд барилдах хүсэлт гаргасан ч бүртгэхгүй байна. Миний хувьд одоо нэг барилдчихмаар байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

“М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ 2027 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 12-НД СЭРГЭНЭ”

Тэгвэл тухайн үед юу болсон талаар товч эргэн саная. 2023 оны Үндэсний их баяр наадмаар Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн. Гэвч тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрсэн. Улмаар М.Бадарч “А” сорьцоо хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцын шинжилгээ өгөхөөр хүсэлт гаргаж, дахин допингийн шинжилгээнд бүдэрсэн. Ингээд Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо хуралдаж, М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, цолыг нь хураах санал гаргасан. Улмаар уг саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлж, шийдвэр албажсан байдаг.

Хэрэв М.Бадарч “А” сорьцын хариугаа шууд зөвшөөрсөн бол 1 жил барилдах эрхээ хасуулах боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрийн дагуу М.Бадарчийн барилдах эрх 2027 оны долдугаар сарын 12-нд сэргэхээр байна. Тухайн үед М.Бадарч уг шийдвэрийг эсэргүүцэн Спортын арбитрын шүүхэд хандсан боловч 2024 онд түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энд санах ёстой нэг зүйл бол түүнээс бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис болох метенолон илэрсэн явдал.

“М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ СЭРГЭЭХ ЭСЭХИЙГ Н.НОМТОЙБАЯР ШИЙДНЭ”

Мөн нэг чухал зүйлийг энд тодруулах шаардлагатай. М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг өөрчлөх, хугацаанаас нь өмнө эрхийг нь сэргээх эсэхийг мөн энэ байгууллага л шийднэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх асуудал яригдаж байгаа бол шийдвэрлэх субъект нь Монголын үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг байгууллага бус  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо буюу Шадар сайд Н.Номтойбаяр гэсэн үг.

“Н.ӨСӨХБАЯР, М.БАДАРЧИЙГ НААДМААР БАРИЛДУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН Ч Н.НОМТОЙБАЯР ЗӨВШӨӨРӨӨГҮЙ”

Гэхдээ М.Бадарчтай холбоотой асуудал зөвхөн энэ удаа гарч байгаа зүйл биш. Хамгийн сүүлд гэхэд энэ жилийн Үндэсний их баяр наадмын өмнө уг асуудал дахин сөхөгдсөн. Тухайн үед МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Н.Өсөхбаяр, М.Бадарчийг барилдуулах саналыг Шадар сайдад хүргүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Харин Шадар сайд Н.Номтойбаяр “Допинг хэрэглэж эрх нь хасагдсан бөхчүүдийн барилдах эрх, цол сэргээх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн хувьд боломжгүй. Тиймээс М.Бадарч, Н.Өсөхбаяр нарын эрхийг сэргээхгүй” гэх хариу өгсөн байдаг.

“10 ХҮНД 10 ӨӨР ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХАА БОЛИМООР ЮМ”

Товчхондоо, Улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Н.Номтойбаяр сэргээгүй учир тэрбээр энэ сарын 5-нд зодоглох эрхгүй байх нь. Гэхдээ нөгөө талд иргэд, олон нийт шударга ёсыг шаардсаар байна. Хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон ч бөхчүүдэд ялгаатай шийтгэл оногдуулж байгаа эсэх асуудал ч яригдсаар байна. Өдгөө Улсын аварга О.Хангай энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Яг адилхан хэрэг хийсэн 10 хүнд 10 өөр шийтгэл оногдуулахаа болимоор юм. Допингийн шинжилгээ авах хэрэг байна уу. Бусдыг нь барилдуулчихаад М.Бадарч гарьдыг барилдуулъя” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө