Балба улсад гэнэтийн үер, хөрсний нуралтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1252 болж нэмэгдсэнээс гадна 4200 гаруй хүн сураггүй алга болсон хэвээр байна. Энэ тухай Ройтерс мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
Одоо аврагчид 6 усан цахилгаан станцын бүсэд ажиллаж байгаа бөгөөд энд 900 орчим хүн газар дорх туннельд гацсан байж магадгүй байгаа юм. Тийш нэвтрэх гарцуудыг экскаватороор цэвэрлэж, зарим газарт хатуу хяналтын дор тэсэлгээ хийж байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд Балбын армийн 9300 гаруй албан хаагчийг дайчилснаас гадна гадаадын орнуудаас ирсэн мэргэжлийн аврагчид оролцож байгаа юм.
Эрх баригчдын мэдээлснээр, 20 гаруй мянган байшин барилгад эвдрэл гарснаас 7.5 мянга гаруй нь бүрэн эвдрэн нуржээ.
Нийслэл Катманду хотын их сургуулийн эмнэлэгт “сураггүй бологсдын хана”-ыг босгосон бөгөөд түүн дээр байгалийн гамшигт нэрвэгдсэн тэдгээр хүмүүсийн гэрэл зургууд, тэдний талаарх мэдээллийг байрлуулсан байна. Зарим гэр бүлүүд одоог хүртэл олдохгүй байгаа бэлгэдлийн байдалтайгаар оршуулжээ. Лхагва гаргийн оройны байдлаар, 1204 хүн амиа алдаж, 4216 хүн сураггүй алга болсон тухай мэдээлэл Балбаас ирсэн юм. Үүний зэрэгцээ дахин хөрс нурах, нуур үүсэх эрсдэл байсаар байгаа нь эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна.