Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жил нэг сарын хорих ял оноожээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жил нэг сарын хорих ял оноожээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох “Хахууль авсан” гэх хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэжээ.

Шүүхээс А.Ишдоржийг улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноосон байна.

Тодруулбал, “Бако констракшн” ХХК нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга барихаар болж, аймгийн Засаг даргын Тамгын газартай 1 тэрбум 356 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Уг мөнгийг А.Ишдорж эхнэрийнхээ төрсөн дүү Н.Отгонбаатарын Хаан банк дахь дансаар дамжуулан авсан гэж хэрэгт дурджээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Ишдоржид Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин “Бако констракшн” ХХК-ийн захирал Т.Баатарсүрэнг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалтанд мөнгө өгсөн буюу хахууль өгсөн гэм буруутайд тооцжээ. Шүүхээс Т.Баатарсүрэнгийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна. Мөн дээрх хоёр этгээдэд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө