БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн зохион байгуулалт, үр дүн болон төсөвтэй холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр хурлын оролцоо, цар хүрээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн гэдгийг онцолж, нийт 20 мянга гаруй зочин, төлөөлөгч Улаанбаатарт чуулсан гэв. Үүнээс 11 мянга гаруй нь 196 улсын гадаадын зочин, төлөөлөгч, 9000 орчим нь дотоодын оролцогч байжээ. Мөн хурлын 12 өдрийн хугацаанд цэнхэр бүсэд 255 мянган удаа нэвтэрсэн бол ногоон бүсэд өдөрт дунджаар 7000, нийт 85 мянга гаруй удаагийн нэвтэрсэн байна.
COP17-ын хүрээнд нийт 756 арга хэмжээ, хэлэлцүүлэг, сайн туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Харин хэвлэл мэдээллийн оролцооны тухайд дотоод, гадаадын 789 хэвлэл мэдээллийн төлөөлөгч ажиллаж, нийт 116 цагийн шууд эфир дамжуулсан байна. Түүнчлэн 12 хоногийн хугацаанд соёлын 800 гаруй уран бүтээлч хурлын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдэд оролцжээ.
Ц.Сандаг-Очирын мэдээлснээр COP17-д оролцсон 11 мянга гаруй гадаадын зочин, төлөөлөгчийн тоо анх тооцоолж байснаас 69 хувиар өндөр байжээ. Мөн зочид буудлуудад 14 мянга гаруй ор хоног борлуулагдаж, 5.4 тэрбум төгрөгийн шууд орлого олсон байна. Түүнчлэн 2026 оны наймдугаар сард Монгол Улсад 140 мянга гаруй жуулчин ирсэн талаар мэдээллээ.
- COP 17 ХУРЛЫН ТӨСӨВ, ЗАРЦУУЛАЛТ -
Хурлыг зохион байгуулахтай холбоотойгоор БОУАӨЯ-ны хүрээнд нийт 217.1 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд 2026 онд 165.1 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөжээ. Уг төсвийн хүрээнд 27 багц худалдан авах ажиллагаа зохион байгуулж, 24 багцад гэрээ байгуулсан байна. Үүнээс төрийн нууцад хамаарах худалдан авалтад 38.6 тэрбум төгрөг, Цагдаагийн ерөнхий газрын найман багцад 13.6 тэрбум төгрөг, Шүүхийн шинжилгээний байгууллагын хоёр багцад 900 сая төгрөг, ЦХИХХЯ-ны хоёр багцад 5.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хурлыг зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, барилга байгууламжид улсын төсвөөс 217.1 тэрбум төгрөг тусгаснаас 156.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, 60.8 тэрбум төгрөг хэмнэсэн гэж мэдээллээ.
Мөн 2025 онд БОУАӨЯ-ны сайдын багцаас Нийслэлд 50 тэрбум төгрөг шилжүүлж, 23 багц ажил хийсэн бөгөөд гэрээний дүнгээр 48.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнд авто зам, явган зам, зогсоолд 17.4 тэрбум, инженерийн шугам сүлжээ, ус, цахилгаанд 6.2 тэрбум, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 4.6 тэрбум, ариун цэврийн хоёр байгууламжид 4.5 тэрбум, тохижилтын элементүүдэд 4 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн хүлээн авалтын гэр, харуул хамгаалалтын байранд 2.3 тэрбум, гадна гэрэлтүүлэг, кабель, камер, мэдээлэх системд 2.3 тэрбум, зураг төсөл, ТЭЗҮ, төлөвлөлтөд 4.7 тэрбум, хамгаалалтын хашаанд 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Харин 2026 онд Нийслэлийн төсвөөс COP17-той холбоотой 70.1 тэрбум төгрөг баталжээ. Үүнээс хурлын барилга байгууламжийн түрээст 34.9 тэрбум, байр ашиглалт болон үйлчилгээний урсгал зардалд 10.8 тэрбум, үндсэн үйл ажиллагааны урсгал зардалд 2.9 тэрбум, хоол хүнс, эрүүл ахуйн зардалд 17.3 тэрбум, Хотын дарга нарын форумд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.