Ө.Шижир: “Эрдэнэс Монгол”-ын удирдлагын зардал 49.3 тэрбум төгрөгт хүрчээ

Ө.Шижир: “Эрдэнэс Монгол”-ын удирдлагын зардал 49.3 тэрбум төгрөгт хүрчээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Эрдэнэс Монгол” ХХК буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн 2025 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлттэй холбоотой мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.

Тэрбээр төрийн хөрөнгө, баялгийг удирдах, менежмент хийх чиг үүрэгтэй байгууллагын зардал өндөр байгааг шүүмжилж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2025 оны нийт зардал 86 тэрбум 650 сая төгрөг байснаас ерөнхий удирдлагын зардал 49 тэрбум 364 сая төгрөг болсон гэж мэдээлсэн байна. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд удирдлагын зардал 2024 онд 400 тэрбум 749 сая, 2025 онд 451 тэрбум 34 сая төгрөгт хүрсэн бол 2026 онд 531 тэрбум 512 сая төгрөг төсөвлөсөн гэжээ.

Ө.Шижирийн мэдээлснээр “Эрдэнэс Монгол”-ын харьяанд 39 компани байгаагаас 2025 оны байдлаар ердөө долоон компанитай менежментийн гэрээ байгуулсан байна. Гэсэн хэдий ч гурван компаниас 55 тэрбум 835 сая төгрөгийн менежментийн төлбөр авсан гэж тэрбээр дурджээ. Мөн ашигтай ажиллаж буй цөөн компанитай менежментийн гэрээ байгуулж төлбөр авч байгаа боловч алдагдалтай, ашиггүй ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд менежментийн гэрээ байгуулаагүй нь “Эрдэнэс Монгол”-ын үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөж байна гэж үзсэн байна.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд 918 тэрбум 751 сая төгрөгийн худалдан авалтын мэдээллийг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй, хоцроож ирүүлсэн талаар аудитын тайланд дурдсан гэжээ. Мөн тус нэгдэл 2025 онд 484 сая төгрөгийг хэвлэл мэдээллийн зардалд зарцуулсан бөгөөд үүнээс гадна өөрийн чиг үүрэгт хамааралгүй байгууллагуудын албан бичгийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хоёр зөвлөх болон бусад байгууллагын гадаад томилолтын зардалд 70 сая 825 мянган төгрөг зарцуулсан жишээг Ө.Шижир мэдээлэлдээ дурдсан байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир эдгээрийг “төрийн хөрөнгө, баялгийг удирдаж, менежмент хийх ёстой байгууллага хэр үрэлгэн ажиллаж байгаагийн нэг жишээ” хэмээн дүгнэж, “Чононд хонь хадгалуулна гэдэг шиг” хэмээн шүүмжилжээ.