Филиппиний Палаван арлын орчим Лхагва гараг /2026.09.09/-т орон нутгийн цагаар ойролцоогоор 18:45 цагт зорчиж явсан зорчигч тээврийн усан онгоцонд гал гарсны улмаас хамгийн багадаа таван хүн амиа алдаж, 87 хүн сураггүй болоод байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
ВИДЕО:
Тус улсын Эргийн хамгаалалтын байгууллагын мэдээлснээр, MV June Aster нэртэй хөлөг галд өртсөн, одоогийн байдлаар аврах ажиллагааны багийнхан нийт 42 хүнийг аварсан бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэжээ.
Усан онгоцонд нийт 134 хүн байсан бөгөөд үүнээс 117 нь зорчигч, 17 нь багийн гишүүн байжээ. Тус хөлөг Манила боомтоос хөдөлж, Палаван мужийн Корон чиглэн явж байх үедээ Баррангай Марсилла суурингаас зүүн хойд зүгт ойролцоогоор 2 км-ын зайд гал гарсан байна.
Филиппиний Эргийн хамгаалалтын байгууллагаас олон нийтэд цацсан дүрс бичлэгт усан онгоц бүхэлдээ галд автсан байдалтай харагджээ. Мөн өөр бичлэгүүдэд зорчигчдыг уснаас аварч, аврах завь руу татан гаргаж буй дүрс гарсан байна. Эргийн хамгаалалтын байгууллагын төлөөлөгч Ноеми Каябябын мэдээлснээр, аврагдсан хүмүүсийн 38 нь зорчигч, дөрөв нь багийн гишүүн аж. Гэхдээ сураггүй байгаа хүмүүсийн тоо аврах ажиллагааны явцад өөрчлөгдөж болзошгүйг албаныхан онцолжээ. Одоогоор хөлөгт гал хэрхэн гарсан шалтгааныг тогтоогоогүй бөгөөд Филиппиний Эргийн хамгаалалтын байгууллага болон холбогдох аврах багууд далайд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC