Унгар улсын иргэн, судлаач Тисаи Сара 2018 онд анх Монголд ирж, монгол хэл, соёлыг судалж эхэлжээ. Өдгөө докторын зэргээ хамгаалахаар суралцаж буй тэрбээр үндэсний дээл өмсөж, хуучны дуу сонсож, бөхийн барилдаан үзэх дуртай. Харийн орны соёлд ингэтлээ татагдаж, цаашид эндээ амьдрах хүсэлтэй болсон түүний хувьд “монголчуудад энгийн мэт санагддаг зүйлс маш их үнэ цэнтэй” хэмээн тэр ярьлаа.
ВИДЕО:
-МОНГОЛД ИРЭЭД Л ШУУД ЭНЭ УЛСАД ДУРЛАСАН-
-Дэлхий дээр 270 гаруй улс орон бий. Тэр дундаас яагаад Монгол Улсыг сонгон суралцаж, амьдарч, өв соёлыг нь судлах болсон бэ? Энэ асуултаар ярилцлагаа эхэлье.
-Би их сургуульд Алтайн язгуурын хэл судлалын чиглэлээр суралцаж байсан. Тэр үедээ анх монгол хэлтэй танилцсан юм. Монгол хэл, соёл надад маш сонирхолтой санагдсан. Ингээд 2018 онд анх Монголд ирсэн. Ирээд л энэ оронд бараг шууд дурласан даа.
- Монгол хэл сураад хэр удаж байна вэ? Гадаад хүмүүст монгол хэл сурах, ялангуяа өдөр тутмын яриаг ойлгох хэцүү байдаг гэж ярьдаг. Таны хувьд манай улсын хэлийг сурахад ямар бэрхшээл тулгарч байв?
-Надад монгол хэл сурах ер нь их хэцүү байсан. Одоо ч гэсэн хэцүү хэвээрээ л байна. Гэхдээ унгарчуудын хувьд бусад орны хүмүүстэй харьцуулахад арай дөхөм байж магадгүй гэж боддог. Учир нь монгол, унгар хэлний өгүүлбэрийн бүтэц ижил төстэй талтай. Харин хамгийн хэцүү нь өдөр тутмын ярианы хэл байсан. Унгарт сурч байхдаа монгол хэлний дүрмийг нэлээд сайн үзсэн. Гэвч бидэнд монгол хэлээр хичээл заадаг монгол багш, лектор байгаагүй. Тиймээс Улаанбаатарт анх ирээд хүмүүсийн яриаг бараг юу ч ойлгохгүй байсан. Энэ нь надад үнэхээр хэцүү санагдсан.
-Та монгол дээл өмсөж, Монголын уламжлалт соёл, хэв маягийг харуулсан бичлэгүүдээ цахим сүлжээнд нийтэлдэг. Яагаад ийм төрлийн контент хийх болсон бэ? Хэр удаж байна вэ?
-Би зүгээр л өөрийнхөөрөө байж, дуртай зүйлээ хийдэг. Анх Монголд ирэхдээ өвөл маш их даарсан юм. Тэгээд дээл өмсөж үзсэн чинь дулаахан, бас их эвтэйхэн санагдсан. Эхэндээ практик талаас нь бодож өмсдөг байсан бол дараа нь дээлэндээ улам дурласан. Дээл эмэгтэй хүнийг их гоё харагдуулдаг гэж боддог. Ялангуяа бүс бүслэхээр эмэгтэйлэг, дэгжин харагддаг. Сүүлдээ гоёлын, уламжлалт загвартай дээлүүдэд ч их дуртай болсон. Тиймээс сүүлийн дөрөв, таван жилийн турш хавар, намар, өвөл гээд улирал харгалзахгүйгээр байнга дээл өмсдөг болсон доо.

-НАМАЙГ ДЭЭЛ ӨМСӨӨД ЯВАХАД МОНГОЛЧУУД ИХ БАЯРЛАДАГ-
-Таны бичлэгүүдийн доор Монголын өв соёлыг дээдэлж, бусдад түгээн таниулж байгаад тань талархсан эерэг сэтгэгдэл олон байдаг. Тэдгээрийг уншихад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тийм сэтгэгдэл уншихаар сэтгэл их хөдөлдөг. Маш их баярладаг. Гэхдээ би энэ мэдрэмжийг зөвхөн цахим сүлжээнээс авдаггүй. Өдөр бүр гудамжинд ч мэдэрдэг. Намайг дээл өмсөөд явахад монголчууд их баярладаг. Зарим хүн надтай шууд ярилцаж, “Ямар гоё дээл өмсөө вэ”, “Бид өөрсдөө бараг дээл өмсөхөө больсон шүү дээ”, “Чамд ямар гоё зохиж байна аа” гэж хэлдэг. Монгол дээл европ хүнд тийм ч их зохихгүй байж магадгүй гэж боддог ч надад гоё зохиж байгааг хэлэхэд нь их баярладаг. Анх дээл өмсөөд гадагшаа гарахдаа жаахан санаа зовдог байсан. Монголчууд намайг хөлөөс толгой хүртэл ажиглаад байгаа юм шиг санагддаг байлаа. Тэгээд өөрийгөө хараад “Би юу өмсчихөв өө, нэг юм дутуу байна уу?” гэж хүртэл бодно. Нэлээд сандардаг байсан гэсэн үг. Харин дараа нь хүмүүс намайг шүүмжлэх гэж биш, сонирхож, дээл өмссөнд минь баярлаж хардаг гэдгийг ойлгосон. Тэгээд ч дасчихсан даа.
-Та тамирчин хүн. Тэр дундаа эмэгтэй хүн бүрийн сонгон хичээллээд байдаггүй пауэрлифтингийн спортоор хичээллэдэг. Тамирчны хувьд Монголын уламжлалт амьдралын хэв маяг, ялангуяа малчдын тэсвэр хатуужлыг хэрхэн хардаг вэ?
-Миний ажигласнаар монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа пауэрлифтингийн спортод хүчтэй, чадварлаг, бяртай байдаг. Үүнийг Монголын соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой гэж боддог. Монголчууд олон мянган жилийн турш нүүдэлчин амьдралаар амьдарч, мал аж ахуй эрхэлж ирсэн. Энэ бол амар хялбар амьдрал биш. Байгаль цаг уурын олон янзын нөхцөл, бэрхшээлтэй байнга нүүр тулдаг. Тиймээс биеийн хүч, тэсвэр хатуужил шаардсан амьдралын хэв маяг нь хүмүүсийн бие бялдар, хүч чадалд нөлөөлсөн байх гэж боддог. Заримдаа бөхчүүд морьтой холбоотой бэлтгэл хийж байгаа зураг, бичлэг хардаг. Монголын цаг агаар ч их хүнд шүү дээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор монголчууд жүдо, бөх, пауэрлифтинг зэрэг хүч чадал, тэсвэр шаардсан спортод сайн байдаг гэж боддог.
-Тэгвэл Монголын үндэсний бөхийн талаар ямар бодолтой байдаг вэ? Сонирхож үздэг үү?
-Үндэсний бөхийг их сонирхолтой, гайхалтай уламжлал гэж боддог. Миний дэмждэг бөх бол Монгол Улсын аварга О.Хангай. Саяхан Унгараас ирсэн хоёр найзтайгаа хамт бөхийн барилдаан үзэхээр явсан юм. Тэдэнд би бөхийн талаар бага зэрэг тайлбарлаж өгсөн. Үзэхэд үнэхээр сонирхолтой байсан. Өнөөдрийг хүртэл бөхийн хувцас, барилдааны ёслол, уламжлал нь хадгалагдан үлдсэн нь их сайхан санагддаг. Энэ бол монголчуудын бахархах ёстой гайхалтай соёлын нэг гэж бодож байна.

-УНГАРТ ОЧИХООРОО МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ, МОНГОЛЫН СОЁЛ, ХЭЛ БОЛОН БУСАД ЗҮЙЛИЙН ТАЛААР УНГАРЧУУДАД ЯРЬЖ, ЗААДАГ-
-Таны бичлэгүүдийг үзэхэд сонгосон дуу нь хүртэл их мэдрэмжтэй, утга агуулгатай санагддаг. Та ер нь ямар төрлийн монгол дуу сонсох дуртай вэ? Дуртай дуучин бий юү?
-Би ер нь зохиолын дуунд маш их дуртай. Уртын дуу ч бас их гоё санагддаг. Дууны үг, утга агуулга нь миний сэтгэлд их ойр байдаг юм. Эртний дуунууд сонирхож сонсдог болохоор зарим монголчууд намайг “хөгшин сүнстэй” гэж хэлдэг.
-Улаанбаатар хотод амьдрахад түгжрэл, агаарын бохирдол гээд хүндрэлтэй зүйл олон бий. Ялангуяа өвлийн улиралд амьдрахад амаргүй. Та эдгээрийг хэрхэн даван туулж байна вэ? Таны хувьд хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
-Түгжрэл үнэхээр хэцүү. Гэхдээ би машингүй учраас ихэвчлэн явган явдаг. Яаралтай ажилтай үед ч заримдаа машинаар явахаас илүү явган явсан нь дээр гэж боддог. Монголчууд замын түгжрэлд маш их цаг алддаг. Ажлаа тараад гэртээ харих гэж хоёр, гурван цаг түгжрэх нь үнэхээр стресстэй байх. Би одоогоор ганц бие, хүүхэдгүй. Харин гэр бүлтэй, хүүхэдтэй байсан бол бүр ч хэцүү байх гэж боддог. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэх, авах гээд олон асуудал тулгарна шүү дээ. Нэг удаа вокзал руу явахаар Багшийн дээдийн буудлаас автобусанд суусан юм. Автобусны хаалга хаагдсан ч хөдөлдөггүй. Тэгээд бүтэн цаг орчим автобус дотор сууж, хөдлөхийг нь хүлээсэн. Эцэст нь галт тэргэндээ амжиж чадаагүй. Тэр үед үнэхээр их уур хүрсэн. Тийм болохоор би аль болох явган явахыг хичээдэг.
-Та монголчуудын амьдралын хэв маягийг хэрхэн хардаг вэ? Монголд амьдрах нь Унгарт амьдрахаас юугаараа өөр санагддаг вэ?
-Миний ажигласнаар монголчууд аливаа асуудалд арай тайван ханддаг. Ямар нэг асуудал гарлаа гэхэд “Маргааш болно доо, маргааш шийдэгдэнэ” гэж бодох нь бий. Амьдралыг арай хөнгөнөөр хүлээж авдаг юм шиг санагддаг. Харин би Унгарт очихоороо илүү их стресстдэг. Монголд байхдаа өөрийгөө арай тайван мэдэрдэг. Гэхдээ монголчууд өөрсдөө Монголын амьдрал их стресстэй гэж ярьдагийг сонссон. Миний бодлоор улс орон бүрд өөр өөрийн хүндрэл, бэрхшээл байдаг байх.
-Та хэзээ нэгэн өдөр Унгар руугаа буцаж очиж амьдарна гэж боддог уу? Эсвэл гэр бүл зохиож, цаашлаад Монгол Улсын иргэн болж, Монголдоо амьдрах хүсэл танд бий юү?
-Монголд амьдрах хүсэл надад бий. Би сүүлийн арван жилийн хугацаанд Монголдоо маш их дассан. Нутаг руугаа буцсан ч Монголыг байнга санадаг болсон. Сэтгэл минь Монголд тогтчихсон юм шиг санагддаг. Одоо би докторын зэргээ хамгаалаад Монголдоо амьдрах бодолтой байгаа. Унгарын соёл, уламжлалын талаар монгол оюутнуудад ярьж, зааж өгөх дуртай. Харин Унгарт очихоороо монголчуудын тухай, Монголын соёл, хэл болон бусад зүйлийн талаар унгарчуудад ярьж, заадаг. Хоёр улсын соёл, уламжлалыг бусдад таниулах нь надад маш их таалагддаг. Энэ ажлаа цаашид ч үргэлжлүүлэхийг хүсэж байна.

-ХАРЬ ОРОНД АМЬДАРЧ ҮЗСЭНЭЭР ӨӨРИЙН ЭХ ОРОН, ЭХ ХЭЛ ЯМАР ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛОХЫГ ИЛҮҮ САЙН ОЙЛГОСОН-
-Бид өмнө нь ярилцаж байхдаа Улаанбаатар хотод амьдрахад нийгмийн стресс, өдөр тутмын бэрхшээл их байдаг талаар дурдсан. Магадгүй үүнээс шалтгаалан Монголын олон залуу гадаадад суралцаж, ажиллаж, амьдрахыг хүсдэг. Харин та эсрэгээрээ Монголд үлдэж, амьдрах хүсэлтэй байна. Монгол Улсад хайртай болсон хүний хувьд монголчуудад хандаж юу хэлэх вэ?
-Монголчуудад заавал гадаадад очиж үзээрэй, суралцаарай гэж хэлмээр байна. Хүн эх орноосоо өөр газар очиж амьдрахдаа олон зүйл сурч, илүү их туршлага хуримтлуулж, ухаан сууж, ертөнцийг өөр өнцгөөс харж эхэлдэг. Гэхдээ гадаадад очлоо гээд эх орноо мартах ёсгүй. Хүн хүссэн үедээ буцаж ирж болно. Хүн бүр өөрийн гэсэн эх оронтой шүү дээ. Миний хувьд харь оронд амьдарч үзсэнээр өөрийн эх орон, эх хэл ямар үнэ цэнтэй болохыг илүү сайн ойлгосон. Монголд амьдарч байхдаа ч үүнийг мэдэрч сурсан. Тиймээс залуучууд гадаадад сурч, туршлага хуримтлуулаад, хүсвэл эх орондоо эргэн ирж болно гэж боддог.
-Таны цахим сүлжээн дэх контентуудын доор Монголын соёлыг дэлхийд таниулж буй элч гэж бичсэн сэтгэгдэл олон байдаг. Та өөрөө хийж буй зүйлээ хараад ийм мэдрэмж авдаг уу?
-Үнэнийг хэлэхэд, би өөрийгөө хэзээ ч Монгол, Унгарын соёлын элч гэж бодож байгаагүй. Би зүгээр л дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийдэг. Гэхдээ хүмүүс намайг тэгж хүлээж авч байгааг харахад мэдээж сайхан санагддаг. Монголчууд миний бичлэгүүдийг үзэж, ийм эерэг сэтгэгдэл илэрхийлэхэд сэтгэл их хөдөлдөг. Би энэ бичлэгүүдийг ямар нэг тусгай зорилгоор биш, өөрийнхөөрөө, дуртай зүйлээ хийж нийтэлдэг шүү дээ. Сүүлийн жилүүдэд Монголд амьдарсаар байгаад сэтгэл минь хүртэл монголжсон юм шиг санагддаг. Монголын соёл миний амьдралын нэг хэсэг болсон. Би өөрөө ч Монголын нэг хэсэг болсон мэт мэдрэмж авдаг. Бичлэгүүдээ зөвхөн монголчуудад зориулж хийдэггүй. Унгарт байдаг найз нөхөд, хамаатан садандаа ч Монголын тухай харуулахыг хүсдэг. Монголд ямар сайхан соёл, уламжлал байдгийг тэдэнд таниулахыг хүсдэг юм. Тиймээс би зүгээр л дуртай зүйлээ хийж, өөрийн амьдралаар дамжуулан Монголын соёлыг бусдад харуулахыг хичээдэг. Хүмүүс үүнийг маань сайхнаар хүлээн авч байгаад би маш их баяртай байдаг.
Ярилцсанд баярлалаа.
