Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Уг асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлүүллээ. Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, өвчний улмаас үүссэн эдийн засгийн хохирлыг бууруулах нөхцөл бүрдэж байна. Мөн өвчний голомтод тавих хяналт, тандалт, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлж, халдварын тархалтыг таслан зогсоох, дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.