Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулж, олон нийтийн саналыг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар тус бодлогын баримт бичгийн агуулга, онцлог, ач холбогдлыг танилцуулсан байна.

Тэрбээр Монголбанк дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, “Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан төв банк” байх алсын хараагаа тодорхойлсон. Мөн мөнгөний бодлого болон санхүүгийн салбарт тулгамдаж буй реформын шинжтэй олон асуудлыг шийдвэрлэх зорилтыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь энэхүү дунд хугацааны стратегийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгох эхний томоохон алхмуудыг агуулж байгаагаараа онцлог болохыг онцолжээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа” сэдвээр Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан нар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчидтой нээлттэй санал солилцлоо. Нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, иргэдийн 100 гаруй төлөөлөл оролцож, мэдээлэл сонсон, мөнгөний бодлогын баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлсэн байна.

Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний болон макро зохистой бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтлахаар төлөвлөжээ. Мөн банкны салбарын эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлж, тус салбар дахь мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгоно.

Түүнчлэн Төв банкны хараат бус, бие даасан, нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, төлбөрийн болон санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, өгөгдлийн болон зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, санал солилцох нь бодлого боловсруулалтад олон талын байр суурь, санал санаачилгыг тусган сайжруулах, улмаар бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой юм.