Монгол бөхийн өрсөлдөөн, багийн спортын өөрийн гэсэн өнгийг тодорхойлж буй “Алтан цом” барилдааны 2026–2027 оны шинэ улирлын бэлтгэл ажил эхэллээ.
Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Алтан цом”-ын барилдаанд оролцогч багуудын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар шинэ улирлын барилдааны журам, зохион байгуулалт, өрсөлдөөний хэлбэр, цаашид тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, чанартай болгох боломжуудын талаар хэлэлцэж, оролцогч багуудын төлөөллийн саналыг сонссон юм. 2026–2027 оны “Алтан цом”-ын барилдаанд өмнөх улиралд оролцож байсан багуудын 60 орчим хувь нь оролцохоо мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ “Алтан цом”-ын өрсөлдөөнийг өргөжүүлж, шинэ баг, байгууллагуудыг оролцуулах санал ч гарч байна. Тиймээс шинэ багуудын оролцоог дэмжиж, тэмцээний цар хүрээг нэмэгдүүлэхэд талууд санал нэгдлээ. Ингэснээр энэ улирлын “Алтан цом” шинэ бүрэлдэхүүн, шинэ тактик, шинэ багуудын хүч сорьсон талбар болох хүлээлттэй байна.
Нэгдсэн уулзалтад “М Си Эс Групп” ХХК, “МИГ Даатгал” ХХК, “Хатант Интернэшнл” ХХК, “Шунхлай спорт клуб”, “Макс Групп”, “Нэгдэл Клуб” -ийн төлөөллүүд оролцлоо. Багуудын зүгээс тэмцээний зохион байгуулалт, өрсөлдөөний чанар, дүрэм журмыг боловсронгуй болгох талаар хэлэлцсэн нь “Алтан цом”-ыг илүү өндөр түвшинд хүргэхэд чухал алхам болох юм.