iSee.mn сайт Fact-Check буюу “Баримт шалгах” булангийнхаа ээлжит дугаарыг уншигч та бүхэнд хүргэж байна. Fact-Check хийнэ гэдэг нь аливаа мэдэгдэл, мэдээллийг баримтаар шалгаж, бодит үнэнтэй нийцэж байгаа эсэхийг тогтоох арга юм. Тодруулбал, “Үнэн” гэдэг нь мэдэгдэл баримтаар нотлогдсон мэдээллийг, “Худал” гэдэг нь баримтаар нотлогдоогүй мэдээллийг, “Эргэлзээтэй” гэдэг нь үнэн, худлыг эцэслэн тогтоох боломжгүй мэдээллийг хэлдэг.
FACT-CHECK ВИДЕО:
-ЗӨӨВРИЙН УСТАЙ ГЭДЭГ НЬ “ХУДАЛ”-
“Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуур зөөврийн усаар ажилладаг” гэх явган яриа өнөөгийн Хууль зүйн сайд С.Амарсайханыг сүүдэр шиг дагаж явдгийг үгүйсгэхгүй. Тиймээс бид энэ асуудлыг баримтаар шалгахад уг усан оргилуур усаа зөөдөг гэдэг нь худал байв. Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд талын Усан оргилуур анх 2020 онд ашиглалтад орохдоо төвийн шугамд холбогдон бүтээгдсэн байна.

-БАНКНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН БАЙХАД НЬ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД АВСАН НЬ “ҮНЭН”-
Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2.5 га газрыг Ц.Батбаяр Хотын даргаар ажиллаж байхдаа Ю Би констракшн компанид “усан оргилууртай газар доорх үйлчилгээний төв барих” зориулалтаар 2006 онд 15 жилийн хугацаатай олгосон байдаг. Гэтэл Ю Би констракшн компани тус газартаа 13 жилийн хугацаанд “усан оргилууртай газар доорх үйлчилгээний төв бариагүй” төдийгүй 2016-2019 оны хугацаанд төлбөртэй автозогсоол болгон ашиглаж иржээ.
Мөн Ю Би контракшн компанийн захирал агсан Ч.Орхон дээрх цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг Улаанбаатар хотын банканд барьцаалж 2017-2018 оны хугацаанд 8 сая 450 мянган ам.доллар, мөн 500 сая төгрөгийн зээлийг авсан байсан гэх мэдээлэл байгаа юм. Баримтын мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин С.Амарсайхан Хотын дарга болоод уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр 2019 оны дөрөвдүгээр сард А/364 дүгээр захирамж гаргаж, “Ю Би Контракшн” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.
-ЦАГИЙН ХУВААРЬТАЙ АЖИЛЛАДАГ УСАН ОРГИЛУУР-
Улмаар “Криетив Монголиа” компани тухайн талбайд баригдсан усан оргилуурын зураг төслийг боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Хот тохижилтын газар гүйцэтгэсэн бөгөөд өдөр тутмын ажлыг Нийслэлийн Хот тохижилтын газар хариуцан ажиллуулдаг байна.

Хот тохижилтын газар тухайн 2.5 га талбайг тохижуулахдаа зургаан өөрчлөлтийг шинээр хийсэн байдаг. Тухайлбал, өндөр саарал хашаа, зөөврийн ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, автомат усалгааны систем болон задгай театр байгуулжээ.
Тэгвэл хүмүүсийн анхааралд хамгийн их өртдөг “усан оргилуур ажилладаггүй” гэсэн яриаг шалгахад, ажиллах цагийн хуваарь, цахилгааны саатал, ус цэвэрлэгээтэй холбоотой байдаг аж. Тодруулбал, усан оргилуурыг өвөл, хавар, намрын бүрэн улиралд зогсоож, зуны улиралд 06 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд өглөө 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажилладаг байна. Түүнчлэн цахилгааны саатал, ус цэвэрлэгээнээс шалтгаалан түр зогссон үеийн гэрэл зураг, дүрс бичлэгээс иргэд ажиллахгүй байна гэсэн ойлголтыг авдаг ажээ.
-АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ-
Мөн Хотын дарга асан С.Амарсайхан, “Энэ усан оргилуурын цаана ямар улс төр, ямар зохион байгуулалттай гүтгэлэг доромжлол явж байгааг би маш сайн мэдэж байгаа. Ажиллуулахгүй байх улс төрийн, ажиллахгүй байна гэж харагдуулах ёстой, захиалгатай янз янзын гүтгэлэг доромжлол явж байгаа” хэмээн ярьдаг. Харин түүний энэхүү байр суурийг үнэн, худлыг тогтоох боломжгүй “Эргэлзээ”-тэй байгаа юм.
Учир нь С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газраас гадна, тус банкны эзэмшилд байсан Хөрөнгийн биржийн урд талын 700м2 газар, МУИС-ийн хичээлийн II байрны урд талын 0.12 га газар, Тагнуулын ерөнхий газрын урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2.4 га газар, Улаанбаатар капитал ББСБ-ийн эзэмшилд байсан Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбайн 0.4 га газрын эзэмших эрхийг цуцалж байжээ. Энэ ч утгаараа “Усан оргилуур” тойрсон явган яриаг тус банкны арын эзэд гаргаад байгаа гэж хэлээд байж магадгүй юм.


Нөгөө талаар Сүхбаатарын талбайн урд талын Усан оргилуурыг барьсан, өдөр тутмын ажиллагааг нь өнөөдөр хариуцан ажилладаг Нийслэлийн Хот тохижилтын газрын удирдлагуудыг ч хэлээд байж магадгүй. Учир нь 2020 оноос хойш Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар СХД-ийн ИТХ-ын дарга агсан Б.Мөнхцэцэг, БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч Т.Ууганбаяр нар ажиллаж байна. Иймд нийслэлийн МАН-ын хорооны дотоод өрсөлдөөнийг ч тэрээр бас хэлээд байж магадгүй.