Ч.Лодойсамбуу: Канадаас намын даргаа сошиалаар нүдээд байгаа өмнөх Хотын даргыг авчирч, улсын 500 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахгүй юмуу

Ч.Лодойсамбуу: Канадаас намын даргаа сошиалаар нүдээд байгаа өмнөх Хотын даргыг авчирч, улсын 500 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахгүй юмуу

Ардчилсан нам Улс төрийн зөвлөл болон бүлэгт хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчид  УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас өмнөх намын даргын бланканд гарын үсэг зураагүйг сануулж, одоо намтайгаа нэгдсэн байр суурьтай байгаа эсэхийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Өмнөх намын даргын бланкан дээр би гарын үсэг зурахгүй гэж мэдэгдсэн. Тэр хэвээрээ. Би ер нь ямар нэг зүйлийг бодож, төлөвлөхгүйгээр байр суурь илэрхийлдэггүй. Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулахын төлөө тууштай явж байсан. Г.Занданшатар даргыг би томилогдсон цагаас нь Ерөнхий сайдын суудал пи-ар хийдэг суудал биш гээд эсэргүүцэж байсан. Н.Учралыг томилогдоход би харин дэмжиж үг хэлж байсан. Тэр байр суурин дээрээ байгаа. Найдаж байгаа учраас Ерөнхий сайд Н.Учралаас асуумаар байгаа юм. Та яг МАН-ын дарга мөн юм уу. Баахан хүнд хариуцлага тооцно гээд ярьж байсан, тэр хүмүүс хаана байна. Танхим дотор нь одоо хүнийг төлөөллөөрөө дамжуулаад дарамталдаг хүн сууж байна.

Өмнөх Хотын намын дарга нь намын даргаа Канадаас өдөр болгон сошиалаар нүдээд сууж байна. Та яг намын дарга мөн юмуу, хэн намын дарга юм. Тэр хүнээ авчирч улсын 500 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахгүй юмуу. Энэ бол зарчмын шаардлага, ингэж л ажиллана. 

Энэ удаа манай нам тодорхой шийдэл, чиглэл гаргасан. УИХ-ыг Ерөнхий сайдыг итгэл үзүүлэх асуудал оруулж ирэхийг шахаж ажиллана. Намын улс төрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг заавал биелүүлнэ. Энэ бол үүрэг. Улстөрчид хэдийгэр тус тусдаа тойргоос гардаг хэдий ч нэг намын нэгдсэн бодлоготой явах ёстой. Өнөөдөр улс төрийн зөвлөлөөс өгч байгаа чиглэл дотор намын даргын бланкан дээр гарын үсэг зур гэдэг чиглэл ирээгүй. Тусдаа зүйл байсан" хэмээн ярилаа.