“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Д.Тогтохсүрэнг 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр
- Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн,
- Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан,
- Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6600 тн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон, “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон гэгдэж байсан юм.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250 сая төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1,8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ 2 шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэдгийг АТГ-аас мэдээлж байв. Улмаар Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан юм.
Тэгвэл “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон бөгөөд түүнд холбогдох хэргийг шалгасан нэр бүхий хүмүүсийг хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн" гэх мэдээлэл байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулсан ч одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.