9 настай унаач хүү амиа алдсан хэрэгт тэнсэн харгалзах ял авсан уяач "Оршуулгын үеэр хэрэглэсэн махны мөнгийг өгөхгүй" хэмээн давж заалдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Улмаар тус хэргийг давж заалдах шатны шүүх хурал болж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Харин анхан шатны шүүх хэргийг энэ оны гуравдугаар сард хэлэлцээд шүүгдэгч Я-г “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, оршуулгын зардлаас зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оноосон байдаг.
Тэгвэл унаач хүүгийн амь насаа алдсан хэрэгт хорих ял шийтгэгдсэсн шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд хандсан байна. Харин энэ дагуу Улсын дээд шүүх хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, шүүгдэгч Я нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А-д унуулсны улмаас унаач хүүхэд хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх хэрэгт холбогдсон байдаг юм.
Иймд энэ мэт харамсалтай хэрэг дахин гаргахгүй байх үүднээс “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5:6264-2018 стандарт”-ыг хангаж, унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлж байхыг анхааруулан, сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.