УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хүрээнд өнөөдөр /2026.09.16/ найман байнгын хороо хуралдахаар товложээ.
Тодруулбал,
- Эдийн засгийн байнгын хороо- Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэхээс гадна ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ.
- Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар- Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
- Төсвийн байнгын хороо хуралдаанаа үргэлжлүүлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох асуудлыг хэлэлцэнэ.
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр асуудал хэлэлцэх бөгөөд боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар Боловсролын сайдад тавьсан асуулгын хариу болон Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно. Мөн тус байнгын хорооны ажлын хэсэг сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлаар хуралдана.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал болон Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын хэрэгжилттэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг бэлтгэх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулна.
- Хууль зүйн байнгын хороо- Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
- Өргөдлийн байнгын хороо- Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг хэлэлцэх бөгөөд оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хуулийн төсөл санаачлах асуудлыг авч хэлэлцэхээр байна.