АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төвд шоронгийн ер бусын цогцолбор баригдах бөгөөд уг барилга ашиглалтад орсноор дэлхийд хамгийн өндөр шоронд болно. 13 давхар, 102 метр өндөр уг барилга нь 1040 хүртэлх хоригдлыг байрлуулах багтаамжтай байх ажээ.
Уг төслийг jail (шорон), skyscraper (тэнгэр баганадсан барилга) гэсэн хоёр үгийг нийлүүлсэн "Jailscraper" хэмээн албан бусаар нэрлээд байгаа аж. Барилгын гадна тал нь орчин үеийн оффисын төвийг санагдуулам байхаар буюу шилэн фасадтай байх бөгөөд эргэн тойронд нь ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ. Архитекторууд мөн шоронд байдаг зарим хэсгээс татгалзсан байна. Тус цогцолборт ганц хүний камер, нийтийн талбай, задгай тавцан, сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ. Хоригдлууд цонхоор тэнгэрийг харах боломжтой байх бөгөөд доош харах орчныг төмөр тороор хаах аж. Харин энэхүү шийдэл нь мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөөд байна. Архитекторч бөгөөд гэмт хэрэг илрүүлэх арга барил судлаач Андреа Зелих шоронгийн барилгыг таван давхраас өндөр барьж болохгүй гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар, хоригдлууд суллагдсаныхаа дараа нийгэмд эргэн дасан зохицоход гадаа гарч, хүрээлэн буй орчинтой ойр байх нь чухал ажээ.
Уг шинэ шорон нь хүчирхийлэл, хүний амь нас хохирсон тохиолдлууд гарч байсантай холбоотойгоор олон жилийн турш шүүмжлэлд өртөж ирсэн Райкерс арлын шоронгийн нэг хэсгийг орлох юм. Төслийн өртгийг ойролцоогоор 3.9 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.
Шүүхийн байрны дэргэд баригдах тул хоригдлуудыг хот дотор тээвэрлэх шаардлага багасна гэж үзэж байна. Гэвч уг төсөл Манхэттений зарим оршин суугчийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тэд барилгын ажлын үеэр дуу чимээ, тоос шороо ихсэх, ойролцоох барилга байгууламжид гэмтэл учрах, мөн тус дүүргийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх вий хэмээн болгоомжилж байгаа ажээ.