Английн хааны ордны харуулуудын малгайг баавгайн арьсаар хийхгүй байхыг шаарджээ

Английн хааны ордны харуулуудын малгайг баавгайн арьсаар хийхгүй байхыг шаарджээ

Умард Ирланд, Их Британийн парламентын гишүүд Их Британийн засгийн газраас Хааны ордны харуулуудын өмсдөг ёслолын малгайнд баавгайн арьс ашигладаг явдлыг зогсоохыг шаарджээ.

Их Британийн бэлгэ тэмдэг болсон Хааны ордны харуулуудын өндөр хар малгайг Канадад хууль ёсоор агнасан баавгайн арьсаар хийдэг байна. Их Британийн хууль тогтоогчид хааны ордны харуулуудын малгайг баавгайн арьсаар хийх нь орчин цагийн ёс зүйн стандартад нийцэхгүй хэмээн, оронд нь ашиглах зохистой материал олох хүртэл нэмж малгай захиалахгүй байхыг Батлан хамгаалахын яамнаас хүсжээ.

Учир нь амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагын мэдээлснээр хааны ордны харуулуудын өмсдөг нэг малгайнд л гэхэд багадаа бүтэн нэг баавгайн арьс ордог гэдгийг онцолж, 2024 онд Их Британийн Батлан хамгаалахын яам баавгайн арьсан 22 малгай, 2025 онд 96 малгай захиалж, 2017-2024 оны 7-р сарын хооронд нийт 526 баавгайн арьсан малгай худалдан авсан гэжээ.

Уг малгайг 45 см өндөртэй бөгөөд Их Британийн цэргүүд 19-р зууны эхнээс өмсөж эхэлсэн. Ээнэхүү малгай нь цэргүүдийг тулааны талбар дээр илүү өндөр, сүрдэм харагдуулах үүрэгтэй юм. Хааны ордны гадна зогсдог харуулуудын малгайн үсийг цэвэрхэн байлгаж, хэлбэрийг нь алдагдуулахгүйн тулд тогтмол самнаж, уураар цэвэрлэж, шампуниар угаадаг. Тогтмол арчилгааны үр дүнд баавгайн үсэн малгай хэдэн 10 жилийн турш чанараа алддаггүй байна. Яг одоо алба хааж буй харуулуудын өмсөж байгаа малгайнуудын зарим нь 40-өөс ч олон жил болж байгаа аж. Их Британийн засгийн газар өнгөрсөн 4-р сард баавгайн арьсан нэг малгай 2460 фунт стерлингийн үнэтэй байдаг гэж мэдэгдсэн.