АНУ-ын CNN, MS NOW, Politico хэвлэл мэдээллийн байгууллагууд Америкийн Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааг шүүхэд өгч, Цагаан ордонд сэтгүүлчдээ нэвтрүүлэхийг хориглосон шийдвэрийг цуцлуулахыг шаарджээ.
Тус гурван хэвлэл мэдээллийн байгууллага есдүгээр сарын 21-нд Вашингтон дахь АНУ-ын дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Цагаан ордны шийдвэр нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн сэтгүүлчдийн итгэмжлэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр, зохих ажиллагаагүйгээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэлдээ дурджээ.
Тодруулбал, Д.Трамп энэ сарын 18 /2022.09.18/-нд CNN, MS NOW, Politico-г Цагаан ордонд нэвтрүүлэхгүй байх шийдвэрээ зарласан юм. Тэрээр эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрийн засаг захиргааны талаар “худал мэдээлэл”, “зохиомол зүйл” нийтэлдэг хэмээн буруутгасан боловч тодорхой нэг нийтлэл, сурвалжилгыг хоригийн шалтгаан болгон нэрлээгүй байна.
Үүний дараа есдүгээр сарын 20-нд CNN, MS NOW, Politico-ийн Цагаан ордны сурвалжлагчид барилга руу нэвтрэх үедээ итгэмжлэл нь хүчингүй болсныг мэдэж, тэдний зарим сэтгүүлчээс үнэмлэхийг нь хураан авчээ. Харин дээрх гурван хэвлэл мэдээллийн байгууллага хамтарсан мэдэгдэлдээ “Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллага юу мэдээлэхийг шийддэггүй” гэсэн зарчмыг хамгаалахын тулд шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн байна. Тэдний үзэж буйгаар, Цагаан ордон өөрийн үйл ажиллагааг хэрхэн мэдээлсэнд нь дургүйцсэн үндэслэлээр сэтгүүлчдийн нэвтрэх эрхийг цуцалсан нь хэвлэлийн эрх чөлөө болон олон нийтийн бие даасан мэдээлэл авах эрхэд заналхийлж байгаа гэжээ.
Тэгвэл АНУ-ын бусад телевизүүд ч Цагаан ордны сурвалжилгаас татгалзаж эхэлсэн байна. Тодруулбал, CNN агентлаг нь ABC, CBS, NBC, Fox News гэсэн хэвлэлүүдтэй хамт Д.Трампын арга хэмжээг ээлжээр шууд дамжуулан бусад телевизүүдэд дүрсээр хангадаг системийн таван гол гишүүний нэг аж.
Харин CNN агентлагийг Цагаан ордноос хассан тул ABC, CBS, NBC, Fox News сувгууд өчигдөр /2026.09.21/-өөс эхлэн Д.Трампын арга хэмжээний сурвалжилгаас түр татгалзахаар шийджээ. Тэд хамтарсан мэдэгдэлдээ олон нийт төрийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, хараат бус мэдээлэл авах чухал эрхтэй бөгөөд ямар нэгэн засаг захиргаа өөрийн сурвалжилгад дургүйцсэн үндэслэлээр хэвлэл мэдээллийн байгууллагыг хязгаарлах ёсгүй гэж мэдэгдсэн байна. Үүний улмаас Д.Трампын НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцох уламжлалт сурвалжилга тасалдсан байна.
Харин Д.Трамп шүүхийн нэхэмжлэлд хариу өгөхдөө өөрийн Truth Social хуудаснаа Цагаан ордон хэвлэлийн эрх чөлөөнд халдаагүй, харин өөрийнх нь нэрлэснээр “FAKE NEWS”-тэй тэмцэж байгаа гэж мэдэгджээ. Тэрээр дээрх хэвлэлүүдийг өөрийнх нь талаар байнга сөрөг мэдээлэл түгээдэг, нэрээ нууцалсан эх сурвалж ашиглан худал мэдээлэл нийтэлдэг хэмээн буруутгаж, ийм төрлийн хэвлэлүүд Цагаан ордонд нэвтрэх эрхгүй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн эдгээр мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC