Монгол Улсын зарим иргэдийг ДОХ-той гэж гүтгэсэн Германы иргэн Н.Клаусыг залилангийн хэргээр эрэн сурвалжилж байжээ

Монгол Улсын зарим иргэдийг ДОХ-той гэж гүтгэсэн Германы иргэн Н.Клаусыг залилангийн хэргээр эрэн сурвалжилж байжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нико буюу Boli гэх цахим хаягнаас Монгол Улсын нэр бүхий иргэдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг түгээсэн нь олны анхаарлыг татсан. 

Тухайн Нико гэх хүн нь "Монгол Улсад бүртгэлтэй ДОХ-той иргэдийн жагсаалт гэж байдаг. Тэрхүү жагсаал нь надад байгаа" хэмээгээд нэр бүхий хүмүүсийн нэрийг цохон хэлж, бичлэг хийж, цахим сүлжээнд түгээсэн байдаг. Хувь хүний эрүүл мэндтэй холбоотой байж болзошгүй талаарх мэдээллийг түгээсэнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс "ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол энэ онд оношлогдсон бөгөөд цахим орчинд гарсан мэдээллүүд нь худал" гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. 

Мөн тухайн бичлэгт нэр нь дурдагдсан иргэд ч дээрх мэдээллийг үгүйсгээд "цахим орчинд худал мэдээлэл түгээж байгаа асуудалд анхаарал хандуулах шаардлагатай" гэдэг талаараа байр сууриа илэрхийлээд байгаа. 

Тэгвэл Монгол Улсын нэр бүхий иргэдийг ДОХ-той гэж гүтгэсэн тухайн этгээд нь Монголд амьдардаггүй, манай улсын иргэн биш бөгөөд Герман улсын иргэн Нико Клаус гэгч ажээ. Мөн тухайн этгээдийг 2019 онд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах гэмт хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байжээ. Мөн Нико Клаус гэгч нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байж болзошгүй гэх мэдээлэл ч байна.