Монголчууд цахим спортын тамирчдыг “хэдэн пи сичид” хэмээн хүлээж авдаг байсан үе саяхан. Тэгвэл энэхүү ойлголтыг “The MongolZ” багийн залуучууд 2025 оны CS2 тоглоомын хамгийн том тэмцээн болох Major-т аваргын төлөө шалгарснаар өөрчилж чадсан юм. Харамсалтай нь тэдний хувьд аварга болж чадаагүй ч монголын ард түмний бахархал хэдийнээ болжээ.
-SENZU, MZINHO-Г ЯВУУЛСАН "THE MONGOLZ" ТЭДНИЙ БАЙРЛАЛД ТОГЛОХ ДӨРВӨН ТОГЛОГЧИЙГ ТУРШИЖ ҮЗСЭН Ч БҮТЭЛГҮЙТЛЭЭ-
“The MongolZ” багийн эхлэл эхлэлийг дурдвал “IHC Esports” багтай шууд холбогддог. CS2 тоглодог залуусын хувьд монгол баг Major-т орно гэдэг мөрөөдөл мэт байх үед “IHC Esports” багийг байгуулж Blitz, Techno, Nin9, Kabal, Skor, дасгалжуулагч Maaraa нар “PGL Major Antwerp 2022” тэмцээнд шалгарч чадсан байдаг.
Үүнээс хойш тэд “IHC Esports” гэх нэрээр “Intel Extreme Masters Rio Major 2022” орсон бөгөөд 2023 оны эхээр зарим нэг асуудлаас болж “IHC Esports” гэх нэрээс татгалзаж одоогийн “The MongolZ” багийн түүх эхэлсэн.
Энэ цагаас хойш Major-т тасралтгүй шалгарч Азийн хамгийн шилдэг баг хэвээр байсан ч амжилт төдийлөн ахиж чадахгүй байсан юм. Иймд “The MongolZ” баг бүрэлдэхүүнээ шинэчилж 910, Senzu , Mzinho гэх гурван тоглогчийг авч түүхэн амжилтын эхлэл тавигдсан байдаг.
Ийнхүү Blitz, Techno, 910, Senzu , Mzinho, дасгалжуулагч Maaraa нар хэд хэдэн дээд түвшний тэмцээнд түрүүлж, 2025 оны зургаадугаар сард болсон “BLAST.tv Austin Major 2025”-д хоёрдугаар байр эзэлсэн нь одоогоор тэдний хамгийн оргил амжилт болоод буй. Гэвч энэ үеэс эхлээд “The MongolZ”-ын амжилт суларч эхэлсэн. 2025 оны хоёр дахь “StarLadder Budapest Major 2025” түрүүлнэ гэсэн хүлээлт монголчуудад гэлтгүй дэлхий олон олон хөгжөөн дэмжигч нарт байсан ч тэд хасагдах шатны эхний тоглолтонд ялагдал хүлээсэн.
Энэ үеэс эхлээд багийн задрал эхэлсэн. Багийн амжилт ахихгүй удвал хамгийн оновчтой арга бүрэлдэхүүний шинэчлэлт байдаг. 2025 оны аравдугаар сард “The MongolZ” хамгийн үр нөлөөтэй тоглогч Senzu-г сэлгээнд суулгаж оронд нь Controlez орж ирсэн ч аравхоёрдугаар сард түүнтэй хийсэн гэрээ дуусаж багаас гарсан. Ингээд “The MongolZ” дараагийн тоглогчийн эрэлд гарсан бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 31-нд "The Huns Esports" багийн үндсэн бүрэлдэхүүнд байсан Cobrazera-г багтаа авч “Intel Extreme Masters Cologne Major 2026” өрсөлдсөн ч хасагдах шатанд шалгарч чадаагүй нь олон дэмжигчдийнхээ хүлээлтэд хүрч чадаагүй юм. Энэ тааруу амжилтын дараа “The Mongolz” баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж байгаа талаар HLTv-гээс мэдээлсэн байдаг. Тодруулбал, “The Mongolz” багийн тоглонч Mzinho багаасаа гарч хуучин багийн хамтрагч Senzu тоглож байгаа “BC gaming” багт нэгдэв. Мөн түүнтэй хамт Cobrazera-г сэлгээд суулгаж “The Mongolz academy” гэх багаас tikuak, DarkMeister гэх хоёр тамирчинг авч хэд хэдэн тэмцээнд туршиж үзсэн ч есдүгээр сарын дундуур сэлгээд суулгаад байгаа билээ.
-"THE MONGOLZ" БАГ ХЭНИЙГ БАГТАА АВАХ ТАЛААР НУХАЦТАЙ ХАНДАЖ БАЙГАА БӨГӨӨД ТАМИРЧИДТАЙ ДОЛОО, ДОЛОО ХОНОГООР БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙНА-
Тэгвэл “PGL Major Singapore 2026” дөхсөн байгаа энэ үед “The Mongolz” багийн үндсэн бүрэлдэхүүнд хоёр тамирчин дутуу хэвээр байна. Өнөөдрийн байдлаар багийн бүрэлдэхүүнд Blitz, Techno, 910 байгаа бол сэлгээнд tikuak, DarkMeister, Cobrazera нар багтаж байна. Тэгвэл “The Mongolz”-ын үндсэн бүрэлдэхүүнд багтах дараагийн тоглогчид хэн бэ гэдэг олны анхаарлыг татаад байгаа. “The Mongolz” багийнхан энэ удаа багийн бүрэлдэхүүнд хэнийг авах талаар ихэд нухацтай ярилцаж байгаа талаар ойрын эх сурвалж мэдээллээ. “The Mongolz”-д өмнө нь байсан тамирчид болон шинэ гарч байгаа залуучууд дундаас сонгож долоо, долоо хоног бэлтгэл хийж туршиж байгаа аж.
Одоогоор тэд бүрэлдэхүүнд өмнө нь байсан nin9, annihilation, “The Mongolz”-ын Аcademy багаас m4k зэрэг олон тамирчидтай бэлтгэл хийжээ. Харин “The Mongolz” баг аравдугаар сарын эхээр үндсэн бүрэлдэхүүнд орох хоёр тамирчны нэрийг зарлахаар төлөвлөж байна.
“The Mongolz” багийн бүрэлдэхүүн орж чадсан хоёр тамирчны хувьд шууд Major-т орох эрхээ хангаж байгаатай адил болно. Мэдээж “The Mongolz” сүүлийн үеийн тэмцээндээ амжилт тааруу байгаа ч Азийн шилдэг баг хэвээр байгаа учир Major-т хамгийн өндөр боломжтой. Тэгвэл багууд болон тамирчид тус тэмцээнд оролцохын тулд яагаад өндөр ач холбогдол өгдөг нь хэд хэд шалтгаантай. Нэгдүгээрт, өөрийн гэсэн “sticker”-тэй болж CS2 тоглоомонд нэрээ мөнхөлнө гэдэг нь хамгийн чухал. Хоёрдугаарт, үүний ард чамгүй их мөнгө санхүү асуудал яригдана. Major тэмцээнд оролцсон бүх баг, тамирчид мөнгөн урамшуулал авдаг. Тэмцээнээс хамгийн түрүүнд хасагдсан баг гэхэд л 100 орчим мянган доллар авдаг байна.
Гэтэл “The Mongolz” багийн хувьд өндөр зэрэглэлийн баг учир 500 орчим мянган доллар авдаг талаар зарим эх сурвалжууд мэдээлдэг. Мөн тэмцээнд орж байгаа тамирчид тус бүрд зэрэглэлээс нь шалтгаалж 50-200 мянган долларын урамшуулал олгодог аж.
Мөн үүн дээр нэмээд өөрийн нэрийн “sticker”-ний борлуулалтаас хувь авдаг учир тамирчид “The Mongolz” багийн үндсэн бүрэлдэхүүнд багтахаар ширүүн өрсөлдөж байгаа бололтой.