АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын удирдагч Ши Жиньпинийг Вашингтонд хийх гурван өдрийн айлчлалынх нь эхэнд Мэрилэнд муж дахь Эндрюсийн агаарын цэргийн баазад биечлэн угтан авчээ.
Ши Жиньпин лхагва гараг /2026.09.23/-ийн орон нутгийн цагаар 17:39 цагт “Air China” компанийн онгоцоор АНУ-д газардсан бөгөөд түүнийг гэргий Пэн Лиюань болон Хятадын өндөр түвшний төлөөлөгчид дагалджээ.
Энэ үеэр Д.Трамп, Меланиа Трамп нар Ши Жиньпин, Пэн Лиюань нартай гар барин мэндчилж, улаан хивсээр хамт алхсан байна. Ёслолын үеэр хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, АНУ-ын хоёр B-1 бөмбөгдөгч онгоц дээгүүр нь нисэн өнгөрчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч гадаадын төрийн тэргүүнийг Эндрюсийн баазад биечлэн угтсан нь 1962 оноос хойш анхны тохиолдол болж байгаа аж. Тухайн үед Ерөнхийлөгч Жон Кеннеди Их Британийн Ерөнхий сайд Харолд Макмилланыг угтан авч байжээ.
Ши Жиньпиний айлчлалын үеэр хоёр улс худалдаа, хиймэл оюун ухаан, Тайвань, Иран болон газрын ховор элементийн экспорт зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хоёр улс худалдааны түр эвлэрлээ ирэх нэгдүгээр сар хүртэл сунгахаар тохиролцсон гэж мэдэгдсэн байна. Мөн цаашид илүү өргөн хүрээтэй худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар ярилцжээ. Ши Жиньпин “Хятад, АНУ өрсөлдөгч бус, түнш байх ёстой” гэж мэдэгдсэн талаар Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.
Мөн өнөөдөр /2026.09.24/ болох төрийн хүндэтгэлийн зоогт АНУ-ын хиймэл оюун ухаан, технологийн салбарын удирдлагууд оролцохоор төлөвлөжээ. Ши Жиньпиний бүрэлдэхүүнд Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи, Шадар сайд Хэ Лифэн, Гадаад хэргийн сайд Ван И нар багтсан байна. Хятадын удирдагч Ши Жиньпиний АНУ дахь айлчлал баасан гараг /2026.09.25/-т өндөрлөх ажээ.
Эх сурвалж: BBC