НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж буй. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 24-нд дэлхийн 80 улс Ираныг Ормузын хоолойг нэн даруй нээж, олон улсын усан тээврийн чөлөөт зорчих эрхийг сэргээхийг шаардсан хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдлийг Бахрейны Гадаад хэргийн сайд Абдуллатиф бин Рашид Аль-Заяни НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр уншиж танилцуулсан байна. Улсуудын хамтарсан мэдэгдэлд Ираны Ормузын хоолой дахь үйл ажиллагаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдал болон улс орнуудын чөлөөтэй зорчих эрхэд заналхийлж, олон улсын худалдаа, эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Мөн Йемений хуситуудын Саудын Араб руу хийж буй халдлага, Улаан тэнгист үргэлжилж буй довтолгоог буруушааж, хуситуудын Баб-эль-Мандабын хоолой руу чиглэсэн үйл ажиллагаа нь олон улсын усан тээвэр, далайн аюулгүй байдал, дэлхийн худалдаанд учрах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Харин үүнтэй зэрэгцэн Иран улс Ормузын хоолойг нээх асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийх санал тавьсан талаар Reuters мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Ираны өндөр албан тушаалтан Тегеран АНУ-ын цэргийн дарамтыг бууруулж, Ираны боомтуудад тавьсан бүслэлтийг цуцалсан тохиолдолд Ормузын хоолойг долоо хоногийн дотор дахин нээх боломжтой гэж мэдэгдсэн байна. Ираны тал уг саналаа зуучлагчдаар дамжуулан АНУ-д хүргүүлжээ. Мөн есдүгээр сарын 24-нд АНУ, Ираны төлөөлөгчид Нью-Йорк хотноо Ормузын хоолойг үе шаттайгаар нээх, АНУ Ираны эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн бүслэлтийг цуцлах асуудлыг хэлэлцэж байгаа талаар Reuters мэдээлсэн байна. Ийнхүү нэг талаас 80 улс Ормузын хоолойг ямар нэгэн нөхцөлгүйгээр нэн даруй нээхийг шаардсан бол нөгөө талаас Иран улс АНУ-ын цэргийн болон эдийн засгийн дарамтыг бууруулахтай холбон уг хоолойг нээх санал тавиад байна.