Их Британийн Глостершир муж дахь АНУ-ын цэргийнхэн ашигладаг RAF Fairford агаарын цэргийн баазын ойролцоо таван эрэгтэйг террорист халдлага бэлтгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Уг хэрэгтэй холбоотойгоор ойролцоох Уэлфорд тосгоны 85 өрхийг нүүлгэн шилжүүлж, сэжигтэй гурван автомашиныг тэсрэх бөмбөг саармагжуулах баг шалгасан байна.
Тодруулбал, Их Британийн цагдаагийн байгууллага есдүгээр сарын 27-ны шөнийн 00:45 цагт баазын зүг явж байсан сэжигтэй гурван тээврийн хэрэгслийн талаар дуудлага хүлээн авчээ. Улмаар баазаас хоёр милийн зайд орших Уэлфорд тосгоны орчимд таван хүнийг эхлээд "Тэсрэх бодисын тухай" хуулийг зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилж, дараа нь террорист халдлага бэлтгэсэн байж болзошгүй хэргээр дахин саатуулсан байна.
Ингээд хэргийн газарт 400 метрийн хамгаалалтын бүс тогтоож, Британийн армийн тэсрэх бөмбөг саармагжуулах баг автомашинуудыг шалгаж эхэлжээ. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг түр байрлуулах зорилгоор ойролцоох амралт, чөлөөт цагийн төвийг нээсэн байна.
RAF Fairford баазыг АНУ-ын цэргийн нисэх хүчин Ираны эсрэг ажиллагаанд ашиглаж байсан тул уг хэргийн шалтгаан, сэжигтнүүдийн зорилго олны анхаарлыг татаж байгаа аж. Гэвч Их Британийн цагдаагийн байгууллага халдлагын бай, сэжигтнүүдийн сэдэл болон гадаад улсын оролцооны талаар эцэслэн мэдээлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сэжигтнүүд “их хэмжээний хохирол учруулахаар төлөвлөж байсан” гэж мэдэгдсэн ч энэ мэдээллийг Их Британийн цагдаа хараахан баталгаажуулаагүй байгаа аж.
Эх сурвалж: BBC