Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан Монгол, Энэтхэгийн шууд нислэг эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан Монгол, Энэтхэгийн шууд нислэг эхэллээ

Энэтхэгийн Элчин сайдын яам цаг үеийн асуудлаар мэдээлэл гаргалаа. Тус мэдээлэлд дурдсанаар, Монгол, Энэтхэгийн хооронд шууд, дамжин нислэг эхэлсэн байна. 

Тодруулбал, Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэг есдүгээр сарын 28-нд үйлдэгдэж, Шинэ Делийн Индира Ганди олон улсын нисэх буудлын T3 терминалд 07:20 цагт газарджээ. Харин Шинэ Дели хотоос Улаанбаатарын чиглэлд 16:37 цагт буцан ниссэн байна. Нислэгийг Монголын “Хүннү Эйр” компани гүйцэтгэх бөгөөд долоо хоног бүрийн даваа гарагт үйлдэх юм. Нислэгийн хугацаа таван цаг байна. Ингэснээр өмнө нь Хонконг, Бээжин, Инчон хотод дамжин нисэж, 13-18 цаг зарцуулдаг байсан аяллын хугацаа эрс бага болж байна. 

Шууд нислэг үйлдсэнээр Монгол Улсаас Энэтхэгийн буддын шашны түүх, соёлын өв бүхий газруудаар аялах аялал жуулчлал, мөн Энэтхэгээс Монгол Улсыг зорих эмчилгээний болон өвлийн аялал жуулчлал нэмэгдэх боломжтой гэж тус Элчин сайдын яам мэдээлжээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд түлхэц үзүүлж, ачаа тээврийг илүү хурдан, хямд өртгөөр тээвэрлэх боломж бүрдэх юм. Монгол, Энэтхэгийн иргэд харилцан үнэ төлбөргүй виз авах нөхцөлтэй бөгөөд хоёр улсын иргэдэд цахим визийн үйлчилгээ мөн нээлттэй байна.  Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэх асуудлыг 2025 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр зарлаж байжээ. Энэтхэгийн Элчин сайдын яамнаас шууд нислэгийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий газар, Монгол Улсын Зам, тээврийн яам болон бусад холбогдох байгууллагуудад талархал илэрхийлсэн байна.