ОХУ-ын Чита хотод болж өндөрлөсөн олон улсын хүүхдийн спортын ХII наадмаас Монголын өсвөрийн баг тамирчид 13 алт, 13 мөнгө, 19 хүрэл, нийт 45 медаль хүртжээ.
Энэ удаагийн наадамд ОХУ, Монгол, БНХАУ-ын 783 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөв. Манай улсаас жүдо, чөлөөт бөх, бокс, ширээний теннис, волейбол, байт харваа, хөнгөн атлетик, шатар гэсэн найман төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлагад 76 тамирчин илгээсэн байна. Үүнээс боксчид нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, волейболчид нэг алт, нэг мөнгө, шатарчид мөнгө (ширээндээ 1 алт, 2 мөнгө), байт харвааныхан нэг алт, нэг хүрэл, хөнгөн атлетикийн тамирчид нэг алт, гурван хүрэл, чөлөөтийнхөн зургаан алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл, ширээний теннисчид хоёр хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Монгол Улсын багийн ахлагч, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн “Олон улсын хүүхдийн спортын наадам нь зөвхөн медалийн төлөө шударгаар өрсөлдөхөөс гадна өөрийн орны өв соёл, ёс заншлаа харилцан түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах боломжийг тамирчдад олгодог. Энэ наадмаас өсвөрийн тамирчид спортын замналынхаа эхний гарааг эхлүүлж, насан туршдаа мартагдашгүй сайхан дурсамж бүтээнэ гэдэг итгэлтэй байна” гэж онцолсон байна. Одоогоос 17 жилийн өмнө анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхлэлээ тавьсан наадам өнгөрсөн хугацаанд коронавирусын цар тахлын улмаас таван жил завсарласны эцэст 2024 онд дахин эхэлсэн бөгөөд жил бүр болдгоороо онцлогтой. Тэгвэл 2027 онд олон улсын хүүхдийн спортын XIII наадмыг Монгол Улс дахин хүлээн авахаар болжээ.